А.Баярцэцэг ард түмэнд талархал илэрхийлэв

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн. Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр тодроод байна.
Тэрбээр Miss-World-Mongolia хуудсаар дамжуулан “Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай мөч байлаа. Бид маш амжилттай оролцож чадлаа. Энэ бол саналаа өгсөн хүн бүгдийн хүч хөдөлмөр юм шүү. Бид улс даяараа нэгдэж 100 сая хүн амтай улсыг саналын тоогоороо ялж болдгийг, эвтэй байвал хүчтэй гэдгийг харуулж чадлаа. Улмаар бид дэлхийн миссийн тэмцээнд улсынхаа рекордыг эвдэж чадлаа. Монгол хүн болсондоо үнэхээр их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Манай улсын мисс авьяасын үзүүлбэрт шилдэг 10-т шалгараад байсан. Улмаар санал асуулгаар шилдгийг тодруулж тэрбээр ялагч болсон билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ