Илүү сартай өвөл болно

Онцгой байдлын ерөнхий газраас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 15 аймгийн 110 сум цагаан зудтай, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, хурандаа П.Баттогтох, тус газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар мэдээлэв.
Цасны бүрхүүл уулархаг газраа буюу хойд чиглэлийн бүс нутагт 60-90 см хүртэл зузаарсан байна. Зүүн буюу Дорнод, Хэнтий аймгийн нутагт 25-30 мм цасан бүрхүүл тогтсон байгааг Ус цаг уур орчны судалгаа шинжилгээний газраа гаргажээ. Улмаар бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах зэрэг хүндрэл гарсан байна. Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд зэрэг аймагт нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй байгааг албаныхан танилцууллаа.
Улсын хэмжээнд нийт 61 орчим сая толгой мал өвөлжилж, хаваржихаас отрын бүс нутагт нийтдээ 17 сая орчим толгой мал өвөлжих нөхцөлтэй байна. Отрын бүс нутагт өвөлжихөөр нүүдэлсэн айл, өрхүүдэд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 2600 орчим 0-5 насны хүүхэд амьдарч буй аж.
Иймд өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас 11.1 тэрбум төгрөгийг 12 аймагт /Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий/ 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгожээ. Энэхүү хөрөнгийг өвс, тэжээл бэлтгэхэд биш ард иргэдийн эрүүл мэндэд зориулахаар төсөвлөсөн. Мөн өвлийн дунд сар илүү байна. Улмаар ирэх оны нэгдүгээр сард хүйтний эрч огцом нэмэгдэх учраас хаваржилт хүндэрч болзошгүй тул малчид өөрсдийн эрүүл мэнддээ онцгой анхаарахыг Улсын онцгой комиссоос сэрэмжүүлж буйг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хэлж байна.
Өвөлжилт хүндэрч буй шалтгаан нь зун өвс, ногоо ургаагүй, хожуу бороо орж цас хайлсан. Улмаар газрын хөрс чийгтэй байхад огцом хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсоноос үүдсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Улсын өвс, тэжээлийн нөөц 100 хувь хангагдсан байна. Харин зарим сум өвс, тэжээлээ аюулгүйн түвшинд хүрэлцэхүйц бэлтгээгүй байгаа аж. Сумдын нөөцийг дунджилж авч үзвэл өвс, тэжээлийн нөөц 50 хувьтай байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ