МАН-ЫН СҮҮЛЧИЙН ХӨЗӨР Г.ЗАНДАНШАТАР

“Тэнцвэр алдагдсан МАН ба дараагийн Ерөнхий сайд хэн бэ?”
2025 оны хавар улс төрийн идэвхтэй хөдөлгөөн, нам доторх хөшигний ард өрнөсөн тохироо, хариуцлага нэхсэн нийгмийн шахалт. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлээр оргилдоо хүрэв.
“Хүүгийнхээ тансаг хэрэглээ, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүйд хүрсэн нь миний хувьд улс төрийн ёс зүйтэй үлдэх цорын ганц зам бол огцрох шийдвэр байлаа” хэмээн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг нь олон нийтийн дунд ‘’шок’’ үүсгэхийн зэрэгцээ, МАН доторх дараагийн Ерөнхий сайдын марафоныг эхлүүлэв.
Монгол Улсын улс төр 2025 оны хавартай зэрэгцэн шинэ шуурга дэгдээж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнтэй зэрэгцэн, МАН дотор дараагийн Ерөнхий сайдыг тодруулах дотоод сонголт эрчээ авчээ. Б.Жавхлан, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар зэрэг “бодит хувилбарууд” яригдаж байсан ч энэ бүхнээс нэг шат дээгүүр – улс төрийн "хүнд жин"-ийн тоглогч Г.Занданшатарын нэр тодорч эхэллээ.
Тогтвортой төрийн нүүр царай: Б.Жавхлан
Сангийн сайд Б.Жавхлан нь олон улсын хамтын ажиллагаа, төсвийн сахилга бат, бизнес орчинд эерэг мессеж өгч чадах, “ёс зүйтэй технократ” гэдгээрээ ялгарч байгаа. МАН-ын фракцуудын дунд төвийг сахисан байр суурь эзэлдэг, хэт фракцын хүн биш гэдэг утгаараа "болох л хүн" гэж дүгнэгдэж буй. Гэвч түүнийг улс төрийн хар PR даах туршлагагүй, олон нийтийн өмнө харизма муутай гэх байр суурь бас байна.
Намын гүйцэтгэх механизм Д.Амарбаясгалан
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бол нам доторх бодлогын үргэлжлэл, гүйцэтгэл хариуцсан хүн. Тэр улс төрийн аппаратын нарийн ширийн механизм дээр ажиллаж ирсэн ч олон нийтийн хувьд "нүүр царай" биш, харин “нууц стратегич” хэвээр үлдэж байна. Намын гол фракц дэмжиж байгаа ч түүнийг Ерөнхий сайдын түвшний харизм, олон улсын харилцааны туршлагаар сул гэж үзэх хүмүүс ч бий.
Сайн хувилбар ч ‘’үгүй’’ гэсэн Я.Содбаатар
ЕТГ-ын дарга Я.Содбаатар бол парламентын туршлагатай, эв нэгдэл сахисан төлөв даруу улстөрч. Түүний нэр анхнаасаа яригдаж байсан ч өөрөө үгүйсгэж, Ерөнхийлөгчийн багт үлдэхээр шийдсэн нь нам доторх “сонголт багатай”-г улам тодотгож өгч байна. Хэрвээ нөхцөл огцом өөрчлөгдвөл "ердийн хувилбар"-аас "авралын хувилбар" болж ч мэдэх хүн.
Харин одоо Г.Занданшатар уу?
Монгол Улсын 34-дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тохироогоо улстөрийн томчууд тохирчээ. Г.Занданшатар бол Монголын төрийн гурван өндөрлөгийг дамнасан цөөн хүний нэг. Улсын Их Хурлын даргын хувьд түүнийг парламентын зохицуулалт, улс төрийн хэлэлцээр хийх ур чадвар, зангарагтай төрийн зүтгэлтнээр үнэлдэг. МАН дотор “гэнэтийн эргэлт” хийж чаддаг, зөөлөн мөртлөө шийдэмгий тоглогч гэдгийг ч олон удаа харуулсан. Тэр Ерөнхийлөгчтэй ойлголцох, олон улсын тавцанд Монголын байр суурийг баталгаажуулах хувьд стратегийн лидер байж чадна.
Энэ утгаараа МАН дэнчингээ Г.Занданшатар дээр тавьж байгаа нь эрсдэлтэй ч хамгийн сүүлийн найдвар байж мэднэ.
Г.Занданшатар эрсдэл дунд итгэл
Политик туршлага: Гадаад, дотоод бодлогын тэнцвэрийг барих чадвартай, гадаадад танигдсан цөөн улстөрчдийн нэг.
Намын эв нэгдэл: Фракцуудыг нэгтгэх боломжтой “нейтрал” хүн.
Хар PR: Төрийн гурван өндөрлөгийг дамнасан карьерыг нь эсэргүүцэх хэсэг бий.
Нийтийн итгэлцэл: Шинэ хүн хүсэж буй олон нийтэд “хуучны хүн” мэт харагдаж мэдэх эрсдэлтэй.
“МАН-ын дараагийн Ерөнхий сайд бол зөвхөн намын тохиролцоо биш харин улс төрийн хямралд хэрхэн хариу өгөх стратегийн шийдвэр юм. Г.Занданшатар бол сонголт гэхээс илүү, боломжит эрсдэл дундах улс төрийн хөрөнгө оруулалт болчихоод байна.”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ