Эх үүсвэргүй “сайн зээл”

Ипотекийн зээл хэрэгжсэнээс хойш иргэд барилгын салбарт чиглэсэн төр, засгийн бодлогыг чих тавин анхаарах болсон. Өнөөдрийн байдлаар 88 мянган өрхөд 4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт хийсэн байна. Ипотекийн зээлд 80 ам.метр хүртэл талбай бүхий орон сууцыг хамруулах заалттай. Гэхдээ Засгийн газраас орон сууцны талбайн хэмжээг 100ам.метр болгох санал гаргаж байсан. Судалгаагаар иргэдийн 90-94 хувь нь 80 хүртэл ам.метр талбайтай, 10 хувь нь 80-200 ам.метр хүртэл орон сууц худалдан авах хүсэлт гаргадаг байна. Гэхдээ ипотекийн зээлийн хувьд бага, дунд давхрагын өрхийг дэмжих зорилготойгоор анх хэрэгжүүлж байсан. Үүнд дотроо анх удаа орон сууцанд худалдан авах гэж байгаа гэх тодотгож байлаа. Харин явцын дунд ипотекийн зээлийн журамд зарим өөрчлөлт оруулсан.
Жилдээ 22700 айлын орон сууц ашиглалтад орж байгаа нь өмнөх жилүүдээс нийлүүлэлт 4.2 дахин нэмэгджээ. Гэвч эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ипотекийн зээлийн эх үүсвэрийн дутагдалд ороод байна. Тиймээс Монгол банк өмнө нь “8 хувь”-иар санхүүжсэн зээлийн эргэн төлөлтөөр ипотекийг үргэлжлүүлэх арга хэмжээ авч байна. Улаанбаатар хотод орон сууцны эрэлт өсөн нэмэгдсээр байдаг. Тиймээс зээлийн эргэн төлөлтөөр ипотекийг үргэлжлүүлэх нь чамлалтай ч үзүүлэлт. Гэхдээ амь дүйсэн энэ арга хэмжээ гацааж зогсоосноос дээр.
Ер нь эргэн төлөлт хамгийн сайн зээлээр Ипотекийн зээл онцлогдож байгаа. Гэвч эх үүсвэргүй болсон, худалдан авалт буурсан, нийлүүлэлт хүлээгдэж байгаа гээд дараагийн асуудал урган гарлаа. Тиймээс төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Төрийн түрээсийн орон сууц 30-50 ам.метр байсныг өөрчилж 70 хүртэл ам.метр байхаар журамлаад байгаа. Одоогийн байдлаар 725 айлын төрийн өмчит түрээсийн орон сууц Улаанбаатар хотод байгаа аж.
Эдийн засгийн хямралтай энэ үед ипотекийн зээл төдийгүй бүхий л салбарт мөнгөний гачигдал нүүрлэж, төр, засгийн удирдлагууд гадаад хөрөнгө оруулалт, зээл босгохоор мөнгөний эрэлд мордож байгаа. Эхнээсээ олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдан сураг дуулдсан ч эцэслэн шийдвэрлэгдээгүй л байгаа. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг төр, засгаас тийм ч шуурхай шийдвэрлэгдэнэ гэж найдахад эрт байна. Харин Монгол банкинд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сардаа 30-35 тэрбум төгрөг орж ирдэг байна. Уг төсвөөр сардаа 600 орчим айл өрх ипотекийн зээлд хамрагддаг гэнэ. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ипотекийн зээлийг зогсоочихгүй, иргэдийн эргэн төлөгдөх эх үүсвэрээр үргэлжлүүлсээр байх нь.
Ер нь мөнгөний хомсдолоос үүдсэн орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл барилгын салбарынханд асуудал үүсгээд байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд барилгын салбарын өсөлттэй явж ирсэн. Баримт дурдахад, ДНБ-д барилгын салбарын эзлэх дүн 2008 онд 2.5 хувьтай байсан бол өнгөрсөн жилийнхээр 4.5 болж, 1.9 дахин нэмэгджээ. Гэхдээ энэ салбарын нийт хөрөнгө оруулалтын 49.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт байгаа нь онцлогтой. Улсын төсвөөр 2008 онд 3.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байсан бол өнгөрсөн жилүүдэд 100,9 тэрбум төгрөг болсон байна.
Улсын хэмжээнд 770 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Хөнгөн бетон 25 үйлдвэр байгаагаас орчин үеийн шаардлага хангасан, евростандарт бүхий технологисон үйлдвэр үйлдвэр энэ жил нээлтээ хийсэн аж. Хөнгөн гулдмайн 14, дулаан тусгаарлах 18, хавтан, сэндвичийн 40, шохойн 23, хуварцар хоолойн 4 үйлдвэр тус тус үйл ажиллагаагаа явуулдаг байгаа ажээ. Харин цонх, хаалганы үйлдвэрлэл барилгын материалын нийт үйлдвэрлэлийн 50 орчим хувийг эзэлжээ.
Барилгын салбарт 1200 гаруй норм, норматив мөрдөгддөг. Үүнээс барилгын техникийнх 427, стандартын чиглэлээр 675 норм, норматив мөрдөгддөг байна. Тусгай зөвшөөрөл бүхий 5483 үйл ажиллагаа явуулж байгаа аж. Барилга угсралтын 4789, зураг төслийн 578, өргөх байгууламжийн 162 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Барилгын салбарт 78600 гаруй аж ахуй нэгжид 95 мянга гаруй ажлын байр байдаг байна.
Ийнхүү өсөлттэй яваа барилгын салбарт эдийн засгийн хямралаас үүдсэн худалдан авалтын бууралт “түр зогсолт”-ын шалтгаан болохгүй биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ