Н.Эрдэнэбаяр: Цус хадгалалтын хүчин чадал 5 дахин нэмэгдсэн

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс шинэ технологи, шинээр үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Энэ үеэр тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэв?
-Манай төв өнгөрсөн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж эхлээд байна. Энэхүү төвд цус цуглуулах, шинэчлэх, хадгалах, тээвэрлэх иж бүрэн технологийг суурьлуулснаар давуу талтай. Тухайлбал улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологийг тус тус байршуулаад байгаа юм.
-Тэгэхээр Улаанбаатар хот цус цуглуулах буюу сэлбэх 3 төвтэй болсон гэсэн үг үү?
-Бид 2015 онд БЗД-ийн эрүүл мэндийн төв дээр цус цуглуулах төвийг нээж ажлуулсан. Өнөө жил харин энэхүү цус цуглуулах төв шинээр ашиглалтад орлоо. Мөн бидний сайн мэдэх нэгдүгээр эмнэлгийн хажуу талын төв хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр үндсэндээ гурван дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах, иргэдэд үйлчлэх төвтэй боллоо. Цаашид бид 2018 онд хүртэл ХУД, СХД-д цус цуглуулах төв нэмж барих зорилт тавин ажиллаж байна.
-Шинэ технологиудын ач холбогдлын талаар танилцуулахгүй юу?
-Haemonetics ACP-215 төхөөрөмжөөр 57 хувийн глицериныг ашиглаж цусны улаан эсийг хөлдөөж хадгалдаг. Улмаар глицеринжүүлсэн улаан эсийг -80 хэмийн гүн хөлдөөгчид 5-10 жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой. Ингэснээр ховор бүлгийн цусны нөөц үүсгэж, шаардлагатай тохиолдолд нөөцөөс түргэн шуурхай авч хэрэглэх ач холбогдолтой юм. Мөн цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессод туяагаар шарах технологи, эмгэг төрүүлэгчийг идэвхижүүлэх зэрэг технологи нэвтэрч байна. Энэхүү технологийн давуу тал нь байнга цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүд, бага насны хүүхдэд цус сэлбэлттэй холбоотой хүндрэл гарахгүй байх, өвчин эмгэг хурдан эдгэрэхэд маш өндөр хувь нэмэртэй гэж бид үзэж байгаа. Нөгөөтэйгүүр цус гэдэг биологийн орчин. Иймд ямар нэгэн халдвар дамжих эрсдэлтэй. Иймд манай төвд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 100 хувь олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн болж байгаагаар онцлог давуу талтай. Мөн цаашдаа бид лабораторийн тоног төхөөрөмж суурилуулна. Ингэснээр улсын хэмжээнд тусламж үзүүлэх үйл ажиллагаа маань улам өргөжинө. Донороос цус цуглуулах хүчин чадал маань ч 2 дахин нэмэгдэх онцлогтой.
-Эдгээр тоног төхөөрөмжийг нэмж суурилуулснаар манай улсын цус үйлдвэрлэл, нөөц, хадгалалт сайжирч байна гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Тухайлбал цусан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий -40 градусын хүйтэн өрөө, +4 градусын өрөө, -80 градусын хөргөгч, хөлдөөгчийг суурьлуулснаар хадгалалтын хүчин чадал нэмэгдэж байгаа юм. Улсын хэмжээнд цусан бүтээгдэхүүний хадгалалтын хүчин чадал 5 дахин, Улаанбаатар хотод 3 дахин өслөө гэсэн үг.
-Шинэ төвийн барилга, технологид хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдсан бэ?
-Энэхүү барилга улсын төсвийн 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Үүн дээр Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар 419 сая төгрөг нэмэгдээд нийтдээ 3.4 тэрбум төгрөгөөр энэхүү байшин ашиглалтад орсон байгаа. Мөн цус сэлбэлт судлалын үндэсний төв маань 26 салбар төвүүдийг мэргэжил арга зүйн хувьд удирдаж ажилладаг. Эдгээр салбар төвд Азийн хөгжлийн банкны зээл 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, аймгийн цус сэлбэлтийн төвүүдийг хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангасан. Тэгэхээр аймгуудын хэмжээнд 9.6 тэрбум, Улаанбаатар хотын хэмжээнд 6.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байна. Нийт дүнгээрээ 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж ойлгож болно.
-Цаашид дахин шинэ технологи суурилуулах уу. Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх вэ?
-2017 онд 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байна.
Дашрамд дуулгахад Цус сэлбэлт судлалын үндэсний төв Улсын хоёрдугаар эмнэлгийн хашаан дотор байрлаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ