“Приусны босс” ирэх сарын 13-нд нээлтээ хийнэ

“Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар анги “Приусны босс” инээдмийн уран сайхны кино ирэх сард нээлтээ хийнэ.
Микро автобусны жолооч, кондуртор нарын амьдралын тухай өгүүлсэн “Микроны босс” инээдмийн уран сайхны кино 2013 онд хийгдэж, дэлгэцийн бүтээл болж байв. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал ажиллаж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр гол дүрд тоглож байсан. Тэгвэл тус киноны үргэлжлэл болох “Приусны босс” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийхээр тов зарлаад байна.
Тус кинонд реппер Gee гол дүрд тоглосон бөгөөд киноны зохиолыг гаргасан аж. Дүрүүдэд МУСТА О.Долгор, Б.Батмаа, Ц.Цэрэнболд, Б.Болд нар тоглосон байна. “Приусны босс” уран сайхны кино ирэх нэгдүгээр сарын 13-нд нээлтээ хийнэ.
Дашрамд дурьдахад, өнгөрөгч 2013 онд бүтээсэн “Микроны босс” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш 147 сая төгрөгийн ашиг олж байжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ