Ц.Пүрэвхүү: Иргэд 77 тэрбум төгрөгөө утаанд зарцуулсан

Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон. Энэ талаар тус холбооны дарга Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.
-Жагсаалд нийт хичнээн эцэг, эх оролцох вэ?
-Бид 23 мянган эцэг, эхийг жагсаалд хамруулах зорилт тавьсан. Гэвч бид тогтвортой үйл ажиллагаа явуулж, санхүүгийн чадамж бий болгож амжаагүй. Гадаадын аль нэг байгууллагын санхүүжилтгүй зөвхөн гэртээ хүүхдээ асардаг ээжүүд энэхүү жагсаалыг зохион байгуулахаар зорьсон учраас хүн бүрт нэг бүрчлэн мэдээлэл хүргэх зэргээр маркетингийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Тийм учраас энэ тухай сонссон хүн бүр энэ жагсаалд заавал ирж оролцох хэрэгтэй байна. Жагсаал энэ сарын 26-ны өдрийн яг 12.00 цагт эхлэхээр болсныг энд дуулгамаар байна.
-Төр, засагт ямар шаардлага хүргэх вэ?
-Ханиад, хатгалгаагаар өвдсөн хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүйн улмаас шалан дээр хэвтэн эмчлүүлж байсан. Одоо бүр шатан дээр хэвтчихээд байна шүү дээ. Тиймээс төрийн өмчийн маш олон үл хөдлөх хөрөнгө бий. Тэдгээр байр, байшиндаа хэвтэн эмчлүүлэх ор байршуулан эмнэлгийн зориулалтад шилжүүлэхийг шаардана. Хүсэх юм бол 2-3 хоногт бүтчих ажил шүү дээ. Мөн Засгийн газраас маш яаралтай цогц арга хэмжээ авахыг шаардана. Арга хэмжээ авахгүй бол дахиад хичнээн хүүхэд эндэхийг хэлж мэдэхгүй. Маш эрсдэлтэй байгаа учраас нэгдүгээр сарын 30-наас өмнө утааны хэмжээгээ 25 хувиар бууруулж өгөхийг шаардана. Харин яаж гэдэг нь Засгийн газрын асуудал. Тэд чадна, мэднэ гэж төр барихаар сонгогдсон хүмүүс. Тиймээс чадах ч ёстой.
-Засгийн газраас нөхөн олговор нэхэмжлэнэ гэсэн үү?
-Тийм ээ. Дэлхий нийтээр жилд 465 мянган хүүхэд агаарын бохирдлын улмаас нас бардаг. Харин монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас барж байна. Улмаар иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг бид гаргаад байна. Агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрээгүй бол бид энэ мөнгөө амьдрал ахуйдаа зарцуулах боломжтой байсан. Тиймээс агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч, улмаар эмчилгээнд зарцуулсан мөнгөний нөхөн олговрыг улсаас шаардана. Гэхдээ 70 тэрбум төгрөг нэхэмжлэх юм биш. Энэ бол шүүхээр шийдэгдэх асуудал. Эхний ээлжинд хүүхдүүддээ зарцуулсан эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ. Ингэхийн тулд жагсаалд оролцохоор ирэхдээ ээжүүд долоодугаар сараас хойш хүүхэд нь өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн санхүүгийн баримтаа цуглуулаасай гэж бид хүсэж байна. Мөн ээжүүд хүүхдээ харсаар ажил хийх боломжоо алдчихсан. Өөрсдийн алдсан боломжит орлогоо шаардана гэж бодож байгаа.
-Таны хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байна вэ?
-Би гадаад суралцах хугацаандаа бага хүүхдээ төрүүлсэн. Хүүхдээ хоёр сартай байхад Монголд ирлээ. Гадаадад байхдаа хоёр сартай болтлоо эрүүл байсан хүүхэд Монголд утааны улиралд ирсэн даруйдаа шууд хатгаа авсан. Хоёр сартайдаа хатгаа авчихсан учраас байнга өвдөж, олдмол өвчтэй болж байна. Тэгэхээр Монголын утаа хүүхдэд шууд ханиад, хатгалгаа хүргэж байгаа нь тодорхой байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд би хүүхдүүдийнхээ эмчилгээнд 3 орчим сая төгрөг зарцуулсан. Гэтэл монгол хүний дундаж цалин 500-600 мянган төгрөг. Тэгэхэд зөвхөн нэг гэр бүлийн хүний бүтэн жилийн орлого зөвхөн утааны эсрэг эмчилгээнд явчихаж байгаа юм. Тэгэхээр утааг бууруулж чадаагүй төр, засгийн удирдлагууд энэ мөнгийг биднээс хулгайлсан гэсэн үг. Мөнгө хулгайлсан хүмүүст хариуцлага тооцдог. Гэтэл бидний амьдралаас 10-15 жилийг хулгайлсан улс төрчид яагаад хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд яваад байна вэ. Тиймээс ч бид нөхөн олговор нэхэмжилнэ.
-Утааны улмаас хичнээн хүүхэд эрүүл мэндээр хохироод байгаа талаар судалгаа бий юу?
-Тоо баримтаа эрүүл мэндийн байгууллагаас гаргахгүй байна. Төрийн байгууллагын мэргэжилтнүүд агаарын бохирдол шууд ханиад хүргэдэггүй, нөхцлийг нь бүрдүүлдэг гэж тайлбарладаг. Ингэж тайлбар хийж суухын оронд зарцуулсан мөнгө, тоо баримтаа үнэнээр нь танилцуулмаар байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаа нийт хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмнэлэгтээ хэвтдэг, үлдсэн 70 хувь нь гэрээр эмчлүүлж байгаа судалгаа бий. Гэрээр эмчилгээ хийсэн тохиолдолд 3-5 хоногт ханиад хүндэрч хатгалгаа болж байна. Ингэж цаг алдсанаар хатгаа нь хүндэрч хүүхэд амь насаа алдах эрсдэл нэмэгдээд байгаа юм. Тиймээс нэн яаралтай эмнэлгүүдийн тоог нэмж, онц байдал зарлаж, түүнтэй холбоотой арга хэмжээг авч бидний дэвшүүлж буй шаардлагад хариу өгөх хэрэгтэй байна.
-Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо хэзээ байгуулагдсан бэ?
- Үнэндээ өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Хүүхэд маань өвдөөд судас тариаг нь хийлгэх гээд уян зүү тавиултал хүү маань 10 минут тасралтгүй уйлсан. Тэр үед үнэхээр хэцүү байдалд орсон учраас утаанас зугтаад хаа нэг гадаадын орон руу явах бодол хамгийн түрүүнд толгойд орсон. Гэхдээ би Монголдоо нийгмийн амьдралтай, миний ах дүү, найз нөхөд, ажил мэргэжил бүгд л энд байна. Тийм учраас эх орондоо амьдрамаар байна шүү дээ. Энэ бүгдийг бодож тэмцэх учиртай юм байна гэж шийдсэн. Намайг ээж болохоос өмнө агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрчихсэн л байсан. Тухайн үед бид тэмцэж чадсан бол улс төрчид ингэж гаарахгүй байсан. Бид чимээгүй байснаасаа хохирч байна. Тийм учраас ирээдүйнхээ төлөө бид дуу хоолойгоо дээш нь хүргэх ёстой. Албан байгууллага, иргэд маш идэвхитэй оролцох хэрэгтэй байна. Хэрэв бид эхний жагсаалаар цөөхүүлээ цуглавал улстөрчид бүр даварч, утааг энэ хэвээр нь хадгална. Бид олуулаа цугларч чадсанаар улс төрчдийг цочроож чадна гэж бодож байна. Утаа болон улстөрчдөд бид 10-15 жилийн амьдралаа хулгайлуулж Монголчуудын дундаж наслалт 40 л хүрэх болчихоод байна. Яахав 70 насаллаа гэхэд уушигны хавдраар нас барах эмгэнэлт дүр зураг бий болоод байна.
-Цаашид ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Бид гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад Монгол улсын утааны түвшинд судалгаа хийгээд явуулж байна. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдын яамдад улсынхаа утааг бууруулсан туршлагаас манай засгийн газарт хэлж зөвлөх уриалга гаргаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ