Халуун сэдэв: Битгий давар Ц.Мөнх-Оргилоо!

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “давхар иргэншил асуудал” биш гэсэн ярилцлага энэ долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Мөн Засгийн газрын хуралдааны Гадаадын хөрөнгө оруулалттай банк хадгаламж татахгүй гэсэн шийдвэр ч олны анхаарлыг татлаа. Гадны банк оруулж ирэх нь зөв, буруу гэх сэдэв ч энэ долоо хоногт халуунаа алдсангүй. Энэ талаар салбарын төлөөлөл нийгмийн сүлжээнд хэрхэн санал бодлоо илэрхийлснийг сонирхуулж байна.
О.Алтангэрэл: Давхар иргэншил
Сайд Ц.Мөнх-Оргилын давхар иргэншлийн талаарх ярилцлагыг хараад ой гутав. Монгол төрийн алтан аргамж иймдээ тулаа юу.
Гадаадад байгаа хүүхдүүдэд зориулсан гэнэ. Монголын иргэншил авах эрх нь тэдэнд нээлттэй байгаа. Бид явах боломжгүйдээ үр хүүхдүүдээ утаанд хордуулан байж Монгол хүн болгохоор зүтгэж байгаа болж таарах уу. Яг үнэндээ хүүхдүүдээ өөр орны иргэн болгож, илүү боломж олгохсон гэж хааяа бодогдсон ч энэ улс орноо өөд нь татах гэж оролдолгүйгээр хаяад явчихаж зүрхэлдэггүй юм. Холдохоор л монгол цустай гадаад хүн болчихно гэж айдаг юм. Тэгээд ч гадаад паспорттой, монголоо гэсэн сэтгэлтэй залуус олон бий. Заавал тэдний нэрийг барьж давхар иргэншил ярих юм уу.
Авилгалд идэгдсэн түшмэдүүдийн гарт давхар иргэншил олгох эрх атгуулчихаад сэтгэл тайван сууж чадах уу. Нэр нь давхар иргэншил гэж байгаа ч энэ чинь Монгол Улсын Иргэн болох асуудал. Газар өмчлөх, сонгууль өгөх, бусад бүх эрхийг эдлэх боломжын тухай асуудал!!! Жон, Ван, Ли нарт иргэншлээ өгчихөөд Хайртай Монгол Орноо Мандуулъя гээд сууж байх уу, битгий давар Ц.Мөнх-Оргилоо!
Крымын жишээг ядаж мартчихсан уу санал асуулгаар юу боллоо, Гүржрүү Орос яаж дайрсныг хараагүй юу? Ядахад хэл, шашин соёл өөртэй 2 үндэстэн амьдардаг улстай гэдгээ ойлгож байна уу?
Юун далай лам, зээл, танк, гадны банк. Жинхэнэ аюул энэ шүү элэг нэгт ахан дүүс минь. Сонор сэрэмжтэй байхтун!!!
Д.Ангар: Гадны банк
Гадны банк орж ирсэнээр зээлийн хүү буурна буурахгүй гээд маргалдаад л сууна уу? Би өөрийн бодож явдагаа хэлье. 100% баталгаатай ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА!!! Яаж?
Гадны банкууд "investment banking" буюу хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулна гэсэн. Тэгэхээр Монголын хамгийн том компаниуд болох Оюу Толгой, Эрдэнэт, АПУ, СҮҮ, Говь, Петровис, Модерн Номадс, Моннис зэрэг компаниудад нэг бол урт хугацаат (3-5 жил), бага хүүтэй бонд босгох эсвэл Хөрөнгийн биржид хувьцаа гаргахад нь андеррайтер хийнэ гэсэн үг. Нөхцөл сайтай санхүүжилттэй болсноор эдгээр том компаниуд дотоодын банкнаас 20-25%-тэй зээл авахаа болино (ХХБ Орхоны бид том харилцагчдаа алдана гээд байгаа нь үнэн, гэхдээ тэр компаниудыг "өмчлөх" эрх аль ч банкинд байхгүй) Тэгэхээр дотоодын банкууд өндөр хадгаламжийн хүү амлаж, төлж дийлэхээ больно. Ингэснээр эхлээд дотоодын банкууд хадгаламжийн хүүгээ бууруулна. Хадгаламжийн хүүг жилийн 3%-д хүргэх орон зай бий. Зээлийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдсэнээр зээлийн хүүг дотоодын банкууд ч буулгаж эхлэнэ. Гол өртөг болсон хадгаламжийн хүү нь буурсан тул банкны зээлийн хүү 6-9% байх боломжтой болно.
Энэ бүгдээс хэн хожих вэ? Монголын 3 сая иргэд. Учир нь өнөөдрийг хүртэл иргэд хэрэглэж буй бараа бүтээгдэхүүндээ банкинд төлөгдөж буй нийт хүүг (жилдээ 2 их наяд төгрөг) хуваагаад төлдөг юм. Аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг буурснаар ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Ингэснээр ашгаараа нэмж хөрөнгө оруулах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажилтны тоогоо нэмэх бололцоотой болно.
За тэгээд гадны банк гэхээр л битгий Хятад яриад байгаарай. Америкийн JPMorgan, Goldman Sachs, Английн Barclays, HSBC, Голландын ING зэрэг хөрөнгө оруулалтын банкуудын салбар Монголд нээгдэхийг хармаар л байна шүү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ