ББСБ-ын зээлийн хүүг хоёр дахин бууруулна

Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын зээлийг хүүг хоёр дахин бууруулна гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал хийж, зарлалаа. Тус байгууллагаас шинээр байгуулагдаж буй ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаад буй. Энэхүү нэмэгдэл ББСБ-ын зээлийн хүүг хоёр дахин бууруулах боломжийг бүрдүүлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ББСБ-ын зээлийн хүү дүрмийн сангаасаа хамааран дундажаар 4.3 хувь байна. Энэ хүүг 2020 он хүртэл үе шаттайгаар 2.1 хувь болгон бууруулах зорилтыг тавьжээ. Ингэснээр ББСБ-уудын нийт актив 2.6 их наяд буюу өнөөгийнхөөс 3.3 дахин нэмэгдэж, нийт хөрөнгө 1.4 их наяд төгрөгт хүрнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага мэдээлэв.
ББСБ-ын зээлийн хүүг үе шаттайгаар 2.1 хувь болгон бууруулснаар зээлийн хэмжээ 1.7 их наяд төгрөг болж, санхүүгийн зах зээлийн нийт зээлийн 10 гаруй хувийг бүрдүүлэх тооцоог хийжээ.
ББСБ-ын тоо сүүлийн хоёр жилд 250-иар нэмэгдсэн байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 500 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Үүний 90 хувь нь Улаанбаатарт ажилладаг аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ