С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдэд 24-25 жилийн ял оноолоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, шүүгч нар өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар яллаж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо.
Хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 23 жилийг гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн энэ өдрийн 10:00 цагт цуглаж, шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн. Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ