Усан онгоц дээр гал гарч, 23 хүн амиа алджээ

Индонезийн Муара Ангкэ боомтоос Тидун арал руу зорчигч тээвэрлэж явсан усан онгоцонд гал гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Галын улмаас 23 хүн амиа алдаж, 17 хүн сураггүй болсон хэмээн албаныхан уламжлав.
Онгоцонд нийт 230 гаруй хүн зорчиж явсан бөгөөд нийслэл Жакарта хотоос Тидун арал руу явж байжээ.
Усан онгоц Жакарта хотын Муара Ангкэ боомтоос хөдлөөд 1.5 км зам туулсны дараахан гэнэт гал гарч эхэлсэн гэнэ. Аврагчид шуурхай ажиллаж, 194 хүнийг аварчээ. Шарх авсан есөн иргэнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна.
Гал эхэлж хөдөлгүүрийн хэсэгт гарчээ. Зорчигчид айж сандарч, эмх замбараагүй байдал үүсгэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ