Г.Ундармаа: Хань маань миний хамгийн сайн зөвлөх

"U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх романтик, инээдмийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо. Тус киноны албан ёсны нээлтийн үеэр СТА жүжигчин Г.Ундармаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Шинэ уран бүтээлээ өлгийдөн авч буй танд баяр хүргэе.
-Баярлалаа. Хүн болгон ажлаа хийдэг. Түүний адил би ч бас ажлаа л хийж явна. Миний ажлын гол онцлог нь олон өдөр хөдөлмөрлөж байж, урт хугацааны дараа үр дүнгээ үздэг. Өнөөдөр ингээд нэгэн шинэ уран бүтээлийн ард гарч тайлангаа тавих гээд зогсож байна даа.
-Энэ удаагийн уран бүтээлээр нийгэмд юуг хүргэхийг зорив?
-Киног үзэхэд маш ойлгомжтой. Хүн бүр амьдралаас аз жаргал хайдаг. Тэр аз жаргал хажууд нь байдаг. Би хүн аз жаргалтай, сайн сайхан явахад хамгийн их нөлөөлдөг хүмүүс бол гэр бүл гэж боддог. Гэр бүл аз жаргалтай байвал санасан бүхэн бүтдэг, сайхан амьдралыг бүтээж чаддаг.
-Өнөөдөр таны гэр бүлийн хүний төрсөн өдөр тохиож байгаа юм байна.
-Уг нь төрсөн өдрийг энд ярихгүй гэж тохирсон юм /инээв.сур/. Энэ өдөр миний ханийн төрсөн өдөр. Гэхдээ би өглөө баяр ч хүргэж амжилгүй, хоёулаа ажлаа бүтээх гээд л гүйгээд байсан. Хань маань энэ кино бүтэхэд маш сайн зөвлөгч байсан шүү.
-Киноны урилга цөөнгүй хүнийг шоконд оруулсан бололтой?
-Манай киноны уран бүтээлчид урилгаа хүлээж аваад их л гайхсан тухайгаа хэлж байна. Хоёр зураастай тестийг удахгүй шинэ уран бүтээл мэндэлнэ гэдэг утгаар л урилгандаа хавчуулсан даа.
-Киноны нэр бас их содон юм?
-Хүн бүр насан туршдаа амьдралд суралцдаг. Тийм учраас амьдрал судлал гэж нэр өгсөн.
-Жүжигчин О.Энхтуул кинонд тоглосон байсан?
-Кинонд маань Герман улсад ажиллаж амьдарч буй жүжигчин О.Энхтуул эгч маань тоглосон. Тоглочихоод буцсан учраас нээлтэндээ ирж амжсангүй. Манай монголын хамгийн сайхан жүжигчний нэг, жүжигчин, эмэгтэй хүнд байх ёстой бүхий л сайн сайхныг өөртөө шингээсэн энэ жүжигчинтэй хамтран тоглосондоо талархаж байна. Тэр миний хайртай жүжигчин. Би оюутан байхдаа О.Энхтуул эгчийг СУИС-аас араас нь дагаж алхаад Драмын театрт хүргэж өгчихөөд буцаад алхаж байж билээ. Харин өнөөдөр эгчтэйгээ нэг кинонд тоглосондоо үнэхээр баяртай байна.
СТА жүжигчин Г.Ундармаа энэ удаад “Амьдралоги” уран сайхны киноны продюсероор ажиллажээ. Киноны зохиолыг бичсэн Д.Гэрэлт-Од “Ундармаа эгч анх надад зохиолын санааг хэлэхэд надад нэг хүн Ундармаа эгчийг нүцгэн байхыг хармаар байна гэж захисан. Тэгээд би киноны зохиолд аль болох олон нүцгэн гаргахыг хичээсэн боловч тэр хэсгүүд маань хасагдсан. Ундармаа эгч үүнийг ойлгоорой. Надад мөнгө төлсөн ах үүнийг ойлгоорой /инээв.сур/. Энэхүү кино миний гурав дахь кино зохиол. Энэ зохиол өмнө нь бичсэн зохиолуудаас харьцангуй сайн зохиол болсон гэж хувьдаа бодож байна” хэмээв.
Мөн киноны гол дүрд тоглосон СТА жүжигчин Ж.Мөнхсайхан “Өөрсдийн уран бүтээлээр Монголдоо танигдсан хоёр сайхан эмэгтэй уран бүтээлчтэй хамтран тоглолоо. Зохиол дээр уг нь энэ хоёр бүсгүйн нэгийг нь үнсээд авах боломж байсан ч харамсалтай нь шүргэж ч чадалгүй киноны зураг дууссан даа. Киноны зураг авалтын үед нэгэнд нь дурлуулж, нөгөөд нь дурлаж дөрвөн сарын нүүрийг үзэж, өнөөдөр киногоо үзэхээр сэтгэл догдлон байна” хэмээлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ