Танилц: АНУ-ын цэнгээнт бүжгийн аварга Т.Бумчин

АНУ-ын 2016 оны Үндэсний латин бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Бумчин гэх монгол залуу Мишель Клёц гэх бүжгийн хосын хамт тэргүүн байр эзэлжээ. Ингээд Т.Бумчинг танилцуулж байна.
Түүнийг Тэгшжаргалын Бумчин гэдэг бөгөөд 2012 оноос хойш АНУ-ын Сан-Франциско хотод аж, төрж байна.
Тэрбээр өдгөө 18 настай, ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч. Ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн Берклигийн их сургуульд компьютер програмистийн чиглэлээр элсэн орохоор төлөвлөж байгаа гэнэ.
Т.Бумчин есөн настайгаасаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Н.Чүлтэмсүрэн, В.Жаргалсайхан багшийн удирдлаган дор бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Харин 12 настай байхдаа латин америк бүжгээр хичээллэж эхэлжээ.
Түүний бүжгийн хамтрагч Мишель Клёц нар 2015-2016 онд АНУ-ын цэнгээнт бүжгийн аварга болсон байна. Бүжгийн хамтрагч нь мөн 18 настай бөгөөд тэд хоёр жилийн турш хамтран бүжиглэж байгаа аж.
Т.Бумчин Монголд байх хугацаандаа Монголын Хүүхдийн ордны алт, мөнгөн медальтыг хүртэж байжээ. Харин АНУ-д очсоноосоо хойш
- “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, 19-ээс доош насны ангилалд I байр,
- “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош насны ангилалд II байр
- Англи улсад болсон “Killick Royale Championship” 19-ээс доош насны ангилалд I байр
- "California Open Championship" 19-ooс доош насны ангилалд I байр
- "Hollywood Dancesport Championships" залуучуудын нээлттэй ангилалд тус бүр II байр
- “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр
- "Emerald Ball Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I байр
- "Vegas Open Dance Championships" 21-ээс доош насны ангилалд I байр
- "City Lights Ball" 19-ээс доош насны ангилалд I байр
- "Embassy Ball Championships" 19-ээс доош насны ангилалд I байр
- "Royal Ball Championships" 21-ээс доош насны ангилалд I байр
- "Paris World Championships" 19-ээс доош насны ангилалд X байр
- “Holidy Dance Classic Championships” 19-ээс доош насны ангилалд II байрыг хамтрагчийнхаа хамт тус тус эзэлж байжээ.
Харин түүний цаашдын зорилго нь АНУ-ын аварга гэдгээ дахин баталж Франц улсад болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг авах гэнэ. Түүнчлэн Канад, Амстэрдам, Лондонд болох олон улсийн тэмцээнд бас амжилттай оролцохыг зорьж буй аж.
Тэрбээр 2012 онд тус улсад очсоноосоо хойш эх орондоо ирээгүй бөгөөд энэ жил ирэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ийм нэгэн Монгол хөвгүүн тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явна. Түүнд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ