Шинэ оны үдэш олон бүсгүй халдлагад өртжээ

img

Энэтхэг  Бангалоре хот. Хяналтын камерт бичигдсэн танхай этгээдүүд.

 

Он солигдохтой зэрэгцэн Энэтхэгийн Бангалоре хотноо олон бүсгүй халдлагад өртсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Шинэ жилийн үдэш хотын төвд  10 мянган хүн цугларч, баяраа тэмдэглэсэн байна.

 

Уг арга хэмжээ тарсаны дараа шөнийн цагаар ганцаараа явж буй бүсгүйчүүд рүү бүлэг этгээдүүд халдаж, дээрэмдэх, хэл амаар доромжлох, хүчирхийлсэн олон тохиолдол бүртгэгдсэн талаар албаныхан уламжлав.

 

Энэхүү хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан зургаан эрэгтэйг баривчилсан гэнэ.

 

“Баригдсан этгээдүүд эмэгтэйчүүдтэй бүдүүлэг харьцаж буйг илчлэх хяналтын камерийн бичлэгүүд олдсон. Бид баримт дээр үндэслэн тэднийг саатуулаад байна. Энэ бол найдвартай нотолгоо” хэмээн орон нутгийн цагдаагийн ажилтан Хемэнт Нимбалкар мэдэгджээ.

 

Гэхдээ шинэ он солигдох үед хэдэн эмэгтэй халдлагад өртсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд хохирогчдоос мэдээлэл цуглуулж эхэлсэн аж.

 

Германы Кельн хотноо өнгөрсөн онд дээрхтэй ижил хэрэг гарч, олон эмэгтэй хохирогч болсон билээ. Шинэ оныг угтан авах арга хэмжээ дууссаны дараа ганцаараа явж байсан эмэгтэйчүүд рүү олон зуун дүрвэгчид халдсан хэрэг гарсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гарчигаа зөв өгөөч. Монголд гэж бодлоо
2017-01-05