Тусгай ажиллагааны үеэр 33 хоригдол амиа алджээ

Бразилийн Манаус хотноо байрлах Анисио Жобим гэх хорих ангийн хүмүүжигчид энэ сарын 2-нд бослого гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.
Тус шоронгийн удирдлагууд бослого, үймээнийг хүчээр дарахын тулд харгалзагчдыг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн байна. Уг үйл явдлын улмаас ойролцоогоор 60 орчим хүн амиа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Мөн олон тооны хоригдлууд оргосон билээ. Албаны төлөөлөгч “Үймээний үеэр ойролцоогоор 180 хоригдол оргосон” гэж мэдээлжээ. Цагдаагийнхан орон даяар тэднийг эрэн сурвалжиж буй юм.
Тэгвэл өчигдрийн тусгай ажиллагааны үеэр 33 хоригдол амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Гэрчүүд “Цагдаагийнхан ямар ч зэвсэггүй хоригдлуудыг буудсан. Тэд санааттай аллага үйлдсэн” гэж ярьцгаажээ. Дээрх үймээний улмаас нийт хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй хэвээр байна.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус шоронд хүмүүжиж буй хоригдлуудын гэр бүл шоронгийн байрны гадна суулт зарласан билээ. Тэд амиа алдагсдын нэрсийг ил болгохыг шаарджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ