Б.Гангаамаа: Антарктидад нар жаргадаггүй, цас хайлдаггүй юм билээ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийн эх орондоо ирээд байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Бямба гарагт ирэх байсан ч нислэг саатсан гэхээр битүүхэн түгшиж байлаа шүү.
-Киргиз улсад цаг агаар муудсанаас болоод Улаанбаатар руу нислэг үйлдэх байсан агаарын хөлөг нислэгээ хойшлуулсан. Тэр өдөр 600 гаруй нислэг хойшилж, 200 орчим хүн нэг өдөр хүлээх шаардлагатай болсон юм.
-Жилийн өмнөх энэ сард та Аконкагуа уулнаа авирч ирээд бидэнтэй уулзаж байсан. 2016 онд гурван ч оргилд төрийн далбаагаа мандууллаа?
-Тиймээ. Би 2016 оны нэгдүгээр сарын 13-нд Өмнөд Америк тивийн ноён оргилд хөл тавиад ирж байсан. Түүнээс хойш өнгөрсөн онд дөрвөн ууланд авирсан. Тиймээс ч он дамжин амжилт гаргавал тухайн ондоо маш их эрч, хүч цог золбоо дүүрэн байдаг гэдгийг мэдэрлээ.
-Хичнээн километр зам туулж Антарктид тивд хүрсэн бэ?
-Чили улсаас энэ тивд очиход нийт 4 цаг 50 минутын турш 3000 гаруй км замыг цэргийн зориулалттай “Ил 76” онгоцоор нисэж очсон. Энэ онгоц их сонирхолтой. Гаднаас нь харахад жижигхэн хэр нь их хүчтэй юм билээ. Харин дотор тал нь яг л агуулахад байгаа мэт санагдсан. ОХУ-ын нисгэгч нар тээврийг нь хариуцдаг юм билээ.
-Антарктид тивийн элдэв сониноос хуучлахгүй юу?
-Антарктид тив маш хуурай агаартай юм билээ. Тэнд цас хайлах ойлголт огт байхгүй. Хатуу талсттай цас, мөс болон хатуурч хөлддөг. Мөн ер нар жаргадаггүй юм билээ. Хүмүүс нар жаахан буухад унтаж эхэлдэг. Тэгээд өглөө 11.00 цагийн үед нар хөөрч, уур амьсгал нь дулаараад ирэнгүүт босдог юм билээ. Өглөөний цайгаа өдөр 13.00 цагийн орчим ууна. Одоо антарктид тивд манайхаар бол зуны долоодугаар сар болж байгаа. Тиймээс би хамгийн дулаан улиралд нь очсон гэсэн үг. Гэсэн ч тэнд маш хүйтэн байсан.
-Та Винсон Массиф ууланд авирсан хэд дахь хүн болсон бэ?
-Би хэд дахь хүн болсноо мэдэхгүй байна. Намайг явахаас өмнө 148 гэж байсан. Тэгэхээр 150 дотор багтчих болов уу гэж бодож байна даа. Харин Антарктид тивд очсон 9 дэх Монгол хүн, Винсон Массиф ууланд авират хийсэн анхны эмэгтэй Монгол уулчин боллоо.
-Энэ уул ангал, хавцал ихтэй гэж сонссон?
-Тийм ээ. Маш олон ангалтай юм билээ. Туг зоочихсон үүнээс цааш нэг л алхвал ангал руу унах аюултай гэсэн санамж эргэн тойронд бий. Явдаг нэг л замтай. Өөр замаар явбал цөмрөх аюултай. Мөн энд цас орсон ч хэзээ ч хайлж ус болохгүй. Тийм учраас маш их ус уухыг багийн ахлагч зөвлөж байсан.
-Оргилд дээр гараад юу бодогдсон бол?
-Талдаа 7 километр зайд буюу өгсөх, буух нийтдээ 14 кг газарт авирсан. Бид арванхоёрдугаар сарын 25-ны 12.00 цагт авиралтаа эхлүүлж 19.15 минутад оргилд гарч чадсан. Оргил дээр маш хүйтэн, салхитай байсан учраас ахлагч маань маш хурдан буухыг зөвлөж, бээлийгээ тайлахаар л гараа хөлдөөчихнө гэж зэмлэж байлаа. Оргил дээр тийм л хүйтэн, салхитай байсан даа. Би бассан юм биш л дээ. Гэхдээ эх орноосоо мордохдоо ямар ч байсан гарчихна даа л гэж бодож явсан. Мэдээж уул бол уул шүү дээ. Тэгэхээр Винсон Массиф уул ч авирхад амар байгаагүй. 1200 метр мөсөн хана туулахад хүнд байсан.
-Оргилын орой харагдаж эхлэхэд сэтгэл догдлоно биз?
-Оргил харагдах үед би долоон оргил дээр гарч Монголын анхны Seven Summiter боллоо доо гэж бодсон. Мөн авирч байхдаа зураг авхуулах боломж хэр байгаа талаар бодож байлаа /инээв.сур/. Ер нь би уулын оройд гарсан даруйдаа зургаа авхуулж баримтжуулахсан, үүрч гарсан тор дүүрэн далбаагаа зоогоод авахсан л гэж боддог доо.
-Ууланд авирахаас гадна судалгаа хийх даалгавартай явсан гэсэн үү?
-Тиймээ. Байгаль орчны яам болон Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс давхар даалгавар өгч явуулсан. Даалгаврын дагуу цаг агаарын хэмжилт хийх цас мөсний дээж авчираад байна.
-Та оны өмнө явсан. Он солигдох мөчид хаана байв? Хэрхэн баярлав?
-Яг үнэндээ унтаж байгаад мэдэлгүй өнгөрөөчихсөн байсан /инээв.сур/. Оны өмнө арванхоёрдугаар сарын 30-нд бааздаа ирээд л унтсан. Цаг агаарын нөхцөл байдал, цагийн зөрүүнээс шалтгаалан маш их ядарсан учраас гурав хоног “үхсэн” юм шиг унтсан.
-Анх уулын спортод дурлах шалтгаан юу байв?
-Би шалтгаанаа хэлж мэддэггүй юм. Хөдөөний хоёр салаа гэзэгтэй, улаан хацартай охин байлаа. Тэгсэн нэг өдөр нутгийн маань ах гудамжинд тааралдаад “Улаанбаатар хотын уулчид Отгонтэнгэр хайрханд авирах гэнэ. Чи явах уу” гэж санал тавьсан. Тэр үед би юуг нь ч мэдэхгүй хэр нь явъя гэсэн. Багийг удирдаж байгаа Найдан гэдэг хүн дээр яваад очсон чинь нэг их ширүүн харцтай ах “Чи чадах юм уу” гээд л ширүүн асуусан. “Чадна аа” гээд л их гоё ганган ах эгч нартай Отгонтэнгэр хайрханд авирсан. Дараа нь дахиад нэг удаа энэ хайрхан өөд авирсан. Түүнээс хойш л унтахдаа хүртэл эрээн, алаг майхан зүүдэлдэг болсон шүү. Би хувьдаа бурхан цаанаас нь миний зам мөрийг ийн зурсан юм болов уу гэж боддог доо. Уулын спортыг хүмүүс аялал гэж ярьдаг. Гэхдээ би хэзээ ч аялж үзээгүй. Зорилгоо биелүүлчихээд эргээд л эх орон руугаа яардаг.
-Хүсэл сонирхлоо удаан хадгалахад юу нөлөөлсөн бэ. Шантрах үе байсан уу?
-Хүн л юм чинь ганц нэг удаа сэтгэлдээ олныг эргэцүүлэх үе байсан. Гэхдээ би нэг ч удаа болъё доо гэж шантарч үзээгүй. Үнэндээ явахсан гээд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэхээр байгууллагын хаалга тогшоод явж байх үед л гомдмоор, шантармаар байдаг. Би явах нь уу үгүй юу гэдэг тэр үе л их хэцүү. Харин бүх асуудал шийдэгдээд эх орноосоо мордоход ухрах зам үгүй болохоор шантрах бодол ч орж ирдэггүй. Би нэг л удаа буцаж байгаа уулчдын машины тоосыг харж үлдээд би хэзээ ингээд эх орондоо буцах бол гэж нэг их санаашраад тэрхэн агшинд эргээд мартчихаж билээ. Өөрөөр би шантарч үзээгүй.
-Долоон оргилд гарах хүсэл эрмэлзэл хэзээ төрсөн бэ?
-Эхлээд Эверестэд гарахыг л хүссэн. Тэр оргилд гарчихаад бууж ирээд долоон оргилд гарчихаж болох ч юм шиг дэврүүн бодол төрж байлаа. Гэхдээ дараа нь Хойд Америкийн ноён оргил Денали уулыг давж чадах болов уу гэж эргэлзэж байсан. Давсан, гарсан одоо ингээд нэг том мөрөөдлөө биелүүлчихээд зогсож байгаадаа баярлаж байна. Миний араас хэн нэгэн уулчин энэ амжилтыг давтах нь дамжиггүй. “Дэлхийг хураалаа” гэхээр сүртэй сонсогдож магадгүй. Гэвч шууд утгаараа их газар тивүүдийн ноён оргилд гарна гэдэг нь дэлхийг хурааж байгаа хэрэг л гэж бодож байна даа.
-Гол зорилгоо биелүүлчихлээ. Цаашид юу хийх вэ?
-Миний авиралтыг номоор төсөөлбөл дөрвөн боть ном. Харин киногоор илэрхийлбэл дөрвөн ангит кино. Төсөөлөөд үзвэл миний амьдралын эхний 10 гаруй жил эрдмийн их үйлсэд зорьсон. Дараагийн 10 жил нь бакалавр болохсон гэдэг арван жил байлаа. Ингээд амьдралын 20 жил дууслаа. Дараагийн 7-8 жилд би амжилтын төлөө тэмүүлсэн. Энэ жилийг номоор илэрхийлбэл өрнөл хэсэг байсан. Номонд төгсгөл бүлэг гэж байдаг даа. Тийм учраас би төгсгөлөө бичээгүй, миний амжилт дуусаагүй, би ажилгүй болоогүй байна. Төгсгөлөө амжилттай бичих юм бол монголын уулын спортын түүхэнд амжилт маань тодоор бичигдэнэ гэсэн үг. Миний нэг том зорилго бол үзэж, харсан хийж бүтээсэн зүйлээрээ ном бичих л байна даа. Үзэж, туулсанаа бичиж тэмдэглэж үлдээхгүй бол хойч үе маань төсөөллөөр амьдрана гэсэн үг. Тийм учраас ном бичих бодол бий.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ