Трампын гэр бүл АНУ-ыг удирдах нь

img

Трамп хүргэнээ зөвлөхөөрөө сонголоо

 

Трамп охин, хүргэн хүүгийн хамтаар

 

Трамп гэр бүлийн гишүүд болон өмнө нь хамтран ажиллаж байсан нөхдөө өндөр албан тушаалд томилж байна. Энэ талаар “ВВС” агентлаг болон www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай холбоотой дуулиан үргэлжилсээр байна. Тэрбээр өчигдөр хүргэнээ Цагаан ордон дахь гол зөвлөхүүдийн нэгээр сонгосон талаараа мэдэгдлээ. Трампийн хүүхдүүдээс хамгийн нэр хүндтэй Иваника Трампийн нөхөр, гурван хүүхдийн эцэг Жаред Кашнер ийнхүү хадам аавдаа хүчин зүтгэхээр болжээ. Тэрбээр улстөрч биш бөгөөд Нью Йорк хотноо байрлах нэгэн компанид санхүүгийн зөвлөх, мэргэжилтэн хийдэг гэнэ. Улстөрч биш хүнийг улстөрчөөр сонгосон явдалд америкчууд сэтгэл дундуур буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байна.  Ерөнхийлөгч хүргэн хүүгээ “үнэт капитал” хэмээн тодорхойлжээ.

 

Трамп гэр бүлийнхээ бүх гишүүнийг өндөр албан тушаалд томилж, “гэр бүлээрээ энэ улсыг удирдах мунхаг санаа агуулж” буйг өнөөг Ерөнхийлөгч Барак Обама буруутгасан билээ.

 

“Улс төр, гэр бүлийн асуудлыг  хооронд нь хольж гутгах хэрэггүй. Энэ хоёр үргэлж хоёр ангалыг эрмэг шиг нэг нэгнээсээ хол байх учиртай. Хэзээ ч улс төрийг өөр асуудалтай бүү холбо. Чи улстөрч бол гэр бүлээ улс төрөөс хол байлга. Гэр бүлд ганцхан хүн улстөрч байх учиртай. Улс төрөөс болж гэр бүл муудалцаж бас салдаг. Хэтэрхий хатуу сонсогдож байгаа ч энэ бол үнэн” хэмээн Обама ярьжээ.

 

Тэрбээр мөн өчигдөр “Цагаан ордон гэр бүлийн бизнес биш” хэмээн Трампад хандан мэдэгдсэн байна.  Ерөнхийлөгч өчигдөр “ABS” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Ноён Трамп улс төрийн институтыг хүндлэх ёстой. Учир нь тэрбээр хэдхэн өдрийн дараа дэлхийн хамгийн том байгууллагыг удирдах болно. Тиймээс Трамп хүчирхэг бас хариуцлагатай баг бүрдүүлэх ёстой. Нэг үгээр цэрэг шиг хатуужилтай, үнэнч багийг бүрдүүлэх учиртай. Хамгийн чухал нь салбараа сайн мэддэг, эрсдлийг урьдчилан тооцоолж чаддаг эрхэм  Америкийг удирдах бүрэлдэхүүнд багтах ёстой. Трамп хэн гэгчийг багтаа сонгохыг дэлхий нийтээрээ сайтар ажиглаж буйг мартах учиргүй” гэж мэдэгдсэн байна.

 

Трамп дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг 2020 он хүртэл удирдах мөрөөдлийн багаа ерөнхийдөө бүрдүүлээд дуусч буй юм. Тэрбээр салбараа мэддэг эрхмүүдийг сонгохоосоо илүү ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийг нь шүүмжилж байсан эрхмүүдийг өндөр албан тушаалд томилж байгаа. Мөн тэрбээр намын нөхдөө хамгийн том байгууллагуудыг удирдах эрхийг олгож, бизнесийн салбарт хамтран зүтгэж байсан бизнесмэн нөхдөө “Трампийн жигүүр” буюу Батлан хамгаалах, Эдийн засаг, Эрүүл мэндийг салбарт томилж байна. Трампийн бүрдүүлээд буй Америкийг удирдах багт хамгийн олон бизнесмэн орж ажиллахаар болсон юм.

 

Америкийн төрийн хамгийн том албуудад хэн хэн сонгогдсоныг сонирхуулъя.

 

  • АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп
  • Дэд ерөнхийлөгчөөр Майк Пейн
  • Тагнуулын ерөнхий газрын даргаар Майк Помпео
  • Ерөнхий прокуророор Жефф Сешнс
  • Төрийн нарийн бичгийн даргаар Рекс Тиллерсон
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Майкл Флинн
  • Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргаар Райнс Прибус
  • Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр Стивен Бэннон
  • Төрийн сангийн нарийн бичгийн даргаар Жеб Хенсарлин
  • Хөдөлмөрийн нарийн бичгийн даргаар Викториа Липник
  • Боловсролын нарийн бичгийн даргаар Вильямсон Эверс нар ажиллахаар болжээ.

 

Трамп багаа бүрдүүлэхээс гадна америкийн томоохон бизнес эрхлэгчдийг эх орондоо хөрөнгө оруулж, ард түмнээ ажлын байраар хангахыг шаардаж буй юм.  Тэрбээр сүүлд “Toyota” компанийн удирдлагуудад хандан “Америкчуудын унах автомашиныг Америкт бус Мексикт угсарвал их хэмжээний татварын дарамттай учрах болно” хэмээжээ.

 

“Toyota” компани Америкт борлуулалт сайн “Corolla” машины үйлдвэрийг Мексикт барихаар төлөвлөж байсан ч Трампийн мэдэгдлийн дараа уг ажлаа түр зогсоожээ.  “Хэрвээ энэхүү үйлдвэр ашиглалтад орсон бол Мексикийн 1000-2000 иргэн ажлын байртай болох байсан” хэмээн Мексикийн Ерөнхийлөгч мэдэгдэж, Трампийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн билээ.

 

Мөн Трамп “Toyota” компаниас гадна олон компанийг “Америкийн гадна бус Америк дотор үйлдвэрлэлээ явуулж, америкчуудыг ажлын байраар хангах”-ыг шаардаж, хэрвээ саналаас нь татгалзвал их хэмжээний татвар нэмэхээ урьдчилан сануулаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болдбаатар:
Терийн эрх барьж буй манай бизнсменууд улсын менгнеес хулгайлахаа бодохын оронд Трамп шиг улсдаа менге гаднаас оруулж ирэхийг сэтгэмээр
2017-01-10
Зочин:
Зөв шүү!
2017-01-10