Сагсан бөмбөгийн холбоог шахаж, гадуурхаагүй

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга болон тамирчид өчигдөр хэвлэлийн хурал хийж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хийхэд нь Биеийн тамир, спортын газраас заал олгохгүй байгаа талаар мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг БТСГ-аас үгүйсгэж, тус газрыг төлөөлөн Спортын төв ордны менежер Г.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Г.Нямдорж: БТСГ-ийн даргад эрх ашгийн зөрчил байхгүй
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнгөрсөн наймдугаар сард томилон ирснээс хойш хуучин гэрээ хуулийн дагуу хэрэгжээд явж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбоог шахаж, гадуурхсан зүйл байхгүй.
Есдүгээр сард “Монголын сагсан бөмбөгийн холбооны “Чингис хаан” тэмцээн хуваарьт бичигдсэн байсан. Энэ тэмцээн есдүгээр сарын 7-16-ны өдрүүдэд хуваарийн дагуу болсон. Дараа нь есдүгээр 16-21-ны өдрүүдэд МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүсэлт Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийх хүсэлтийн дагуу заалаар хангаж өгсөн. Мөн Болормаа дасгалжуулагчтай эмэгтэй баг бэлтгэл хийхэд нь цаг гаргаж өгсөн. 2017 он гараад 21 аймгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ноос хойш 5 өдөр явагдсан. Өнөөдөр боксын тэмцээнд зохион байгуулагдаж байна. Одоогоор спортын төв ордонд арга хэмжээгээ явуулахаар 20 гаруй байгууллага хүсэлтээ ирүүлээд байна. Гэрээ хийгдэхгүй байгаа шалтгаан нь энэ. Спортын салбарын олон байгууллага Спортын төв ордонд үйл ажиллагаа зохион байгуулахаар хүсэл ирүүлдэг тул зохицуулалт хийх шаардлагатай болдог. Түүнээс байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, эрх ашгийн зөрчил үүссэн зүйл байхгүй. Энэ мэтчилэн худал мэдээ түгээж, байгууллагын нэр төрд халдаад байвал цаашид ажил явуулахад хүндрэл учирна.
Спортын төв ордны “А” заалны сул цагийн хуваарь гаргаж Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн уралдаан, бэлтгэлийг 7 хоногт 3-4 удаа зохион байгуулан явуулж байгаа. Мөн МҮСБХ-ноос дээд лигийг зохион байгуулах хүсэлтээ албан бичгээр ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй. Архивт бичиг ирээгүй гэдгийг БТСГ-ын хуулийн зөвлөх хэлэв. Хэвлэлийн хурлын дараа МҮСБХ-ны ерөнхий нарийн бичиг С.Тулга тайлбар хийв.
С.Тулга: Спортын төв ордонд 200 сая төгрөг төлсөн
МСБХ-ноос жил бүрийн аравдугаар сар дээд лигийг зохион байгуулдаг. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ өнгөрсөн арванхоёрдугаар сард БТСГ-ын бичиг хэрэгт хүрүүлсэн. Гэвч одоо хүртэл хариу өгөхгүй, гэрээ хийхгүй байна. Тус газрын дарга Ц.Шаравжамцтай уулзах гэхээр Г.Нямдоржтой уулз гэдэг. Г.Нямдоржтой уулзах гэхээр Ц.Шаравжамцтай уулз гэдэг. Гэтэл хуулийн зөвлөх нь албан бичгээ ирүүлээгүй гэж төөрөгдүүлэх санаатай байна. Өнөөдөр сэтгүүлчдийн дэргэд дахиад өглөө.
Энэ газрын өмнөх дарга нартай бид он дуустал гэрээгээ хийчихсэн байсан. Бид дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй сая төгрөгийг Спортын төв ордонд төлсөн. Улсад 40 гаруй сая төгрөгийн татвараа төлж байгаа. Гэтэл лигийн тэмцээн зохион байгуулах заал өгөхгүй байх юм. Спортын төв ордонд лигийн тэмцээн явуулахгүй гэсэн учраас аргаа бараад аймгуудын лиг эхлүүлсэн. Сагсчид бэлтгэлээ хийгээд л байдаг. Тэмцээн нь болдоггүй. Спортын төв ордны заалыг сагсчид ашиглаж байгаа гэвэл бид хэний ч ашигладаггүй цаг буюу нэг даваа, лхагва, баасан гарагийн орой 18.00-22.00 цагийн хооронд авдаг. Байдал ийм л байна. Бид хэрэлдэж, муудах бодол алга. Ойлголцоод шийдэл хүрэх гэхээр дарга нар нь олдохгүй байна. Сүүлийн хэдэн сар хаалгыг нь тогшиж хөөцөлдлөө. Гэвч олдохгүй байгаа. Өнөөдөр хүртэл Ц.Шаравжамц хэвлэлийн хуралд орж ирсэнгүй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ