ОХУ эргэн “Их 8”-д орох уу

Украины дотоодын үймээнийг Москва санаатай бий болгож, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан гэх баталгаагүй хэргээс болж дэлхийн хүчирхэг эдийн засагтай найман улсын байгуулсан “Их 8” холбооноос ОХУ-ыг хассан билээ.
ОХУ-ыг холбооноос хассанаар өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сараас тус холбоо “Их 7” холбоо болсон юм.
Тэгвэл Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано “ОХУ-ыг “Их-8”-д эргүүлэн авах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн талаар “www.urgentnews.ru” сайт мэдээлэв.
“Оросыг “Их 8” холбооноос хассан нь буруу шийдвэр байсан” хэмээн сайд мэдэгджээ. Тэрбээр “Хүйтэн дайны төгсгөл болж байгаа өнөө үед ОХУ-ыг “Их-8” холбоонд эргүүлж авах нь эрүүл ухаан гэж бид үзэж байна” гэж төрийн “Rai” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэллээ.
Италийн Таормин хотноо ирэх тавдугаар сард удирдагчдын “Их 7” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Уг уулзалтаас өмнө ОХУ-ыг холбоонд эргэн нэгдүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Энэ талаар сайд “Оны эхнээс л бүх асуудал бидний талд шийдэгдэж байна. Тиймээс удахгүй хүссэн үр дүн гарах байх” гэж мэдэгджээ. “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр үйлчлэх “Минск”-ийн гэрээнд заасан заалтуудыг Орос үүргийнхээ дагуу биелүүлж буй бол асуудалгүйгээр “Их 7” холбоонд эргэн нэгдэх боломжтой гэнэ.
Гэхдээ уг асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ОХУ холбоонд орох гэж яарахгүй. Бид эхэлж алхам хийхгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ