Э.Ануударь: Сүмд явдаг байхдаа гитар тоглож сурсан
Анук, Очмаа нэрээр ковер сонирхогч залуусын эчнээ танил болсон Э.Ануударьтай түүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа.
-Сая “Автобусанд би хайртай, тэр тоостой
Амьдралд би хайртай, тэр хөөстэй” гээд л хөнгөн хэмнэлтэй гэгээн дуу дууллаа. Энэ ямар дуу вэ?
-“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч Ч.Ганжавхлан “Автобус ба амьдрал” нэртэй ном гаргасан. Энэхүү номонд зориулан гэгээлэг сэдэвтэй ийм нэгэн дууг анх дуулж байлаа. Дууны үгийг Ч.Ганжавхлан бичсэн. Ж.Очмаа бид хоёрын анхны уран бүтээл энэ байгаа юм.
-Би энэ дууг анх удаа л сонсож байна. Цахим орчинд байршуулсан уу?
-Ч.Ганжавхлан ахын хөтлөн явуулдаг jackbolcoffee гээд фэйж хуудас бий. Түүнд бид хоёрын бүх дуу байгаа. Мөн youtube сайтад бий.
-Хэзээнээс ковер дууг сонирхох болсон юм бэ?
-2011 оноос хойш ковер дуу сонирхож эхэлсэн. 2013 онд UBS телевизээс зохион байгуулдаг Unverse Best Songs наадам оролцож байхдаа Ж.Очмаатай танилцаж, хамтдаа ковер дуу дуулж, цахим хуудсанд байршуулах санал тавьж байлаа. Ингэж л бид хоёр биенээ олж түүнээс хойш нийтдээ 100 гаруй дуу коверлон дуулжээ.
-Ковер сонирхогчид та хоёрыг андахгүй мэднэ. Харин өөрийн гэсэн уран бүтээл туурвих бодол байна уу?
-Хэдий хүний дуу дуулдаг ч өөрсдийн сэтгэл мэдрэмжээр олон нийтэд хүргэнэ гэдэг нэг өөр зүйл. Зүгээр л дуу хөгжим бидний амьдралд өнгө нэмдэг. Зөвхөн бид хоёрын төдийгүй бусад олон хүнд сайхан мэдрэмж өгдөг гэдэгт итгэж байна. Олон хүүхэд залууст эерэгээр нөлөөлж чадаж байвал миний хувьд хангаллтай. Цаашид дуу хөгжмөө орхихгүй. Гэхдээ агуу дуучин болно, карьер хөөнө гэж бодохгүй байна.
-Ану эмч мэргэжилтэй байх аа?
-Тийм ээ. Би эмч, Ж.Очмаа программист мэргэжилтэй. Би 2008 онд Дарханд арван жилээ төгссөн. Арван жилээ төгсөөд СУИС-т орох бодол байсан ч эхлээд АШУҮИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Ингээд л эмч мэргэжил эзэмшсэн дээ.
-Анагаахын хичээл их. Дуу хөгжимд сэтгэл зүрхтэйдээ л хичээлийн хажуугаар амжуулдаг байсан байхдаа?
-Багаасаа л дуу, хөгжимд хайртай байсан. Сүүлийн үед гарч байгаа дуунуудын ихэнхи нь нууц амраг, салсан хагацсан сэдэвтэй байна. Харин Ж.Очмаа бид хоёрын хувьд бидний дууг хүн сонсоод “Амьдрал гоё шүү дээ” гэдэг тийм гэгээн зүйлийг мэдрээсэй гэж зүрх сэтгэлээсээ хүсдэг дээ.
-Сарын өмнө тоглолт хийгээд амжсан байх аа?
-Тийм ээ. Тоглолт хийгээд маш их урам авсан. Биднийг сонсдог хүмүүс байдаг юм байна. Шинэ дуу гаргаасай гэх хүлээлт байна. Тиймээс урам зориг авсан. Үргэлжлүүлэн хийж бүтээх нас, хүсэл эрмэлзлэл байна. Зүгээр нэг дуулах, цомог гаргах, тоглолт хийх биш. Энэ бүхэн маань хэн нэгний амьдралыг өөрчилсөн, өнгө нэмсэн байгаасай гэж хүсэж байна.
-Орлогоо сайн үйлсийн аянд зарцуулсан гэсэн үү?
-Тоглолтоос олсон орлогоо “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн уут 2016” сайн үйлсийн аянд зарцуулсан.
-Орчин цагийн залуус гитар сурах сонирхолтой болжээ. Зарим нь сурч чадахгүй шантрах нь ч бий. Өөрийн чинь хувьд хэрхэн гитар тоглож сурсан бэ?
-Би Христэд итгэдэг. Христэд итгэдэг болсноос хойш сүмд яваад гитар тоглодог найзуудтай болсон. Найзуудтайгаа өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг байлаа. Намайг оюутан байх үед кофе шоп тэр бүр байсангүй. Тухайн үед сургууль дээрээ очоод л сүмийнхээ найзуудтай гитар их тоглодог байлаа. Тэгж л сурч байлаа даа. Тэгэхээр хүмүүс хамтдаа байх маш чухал. Хамтдаа хөгжилтэйгээр юмыг хийвэл маш хурдан сурдаг юм шиг санагдсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ