А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж титмийн эзнээ шалгаруулсан. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Тэмцээний дараагаар Мисс А.Баярцэцэгийг Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал гэртээ зочлохыг санал болгосон байна. Улмаар А.Баярцэцэг АНУ-ын Аризона муж дахь түүний гэрт зочилжээ.
Тэрбээр энэ тухайгаа "Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч алийн хэдийнэ чадах чансаатай дотоод "би"-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богиныг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Мисс А.Баярцэцэг тун удахгүй нээлтээ хийх “Явуулын хүн” уран сайхны кинонд хөдөөгийн охины дүрд тоглосон. Уг киноны нээлтэд оролцохоор ирэх хоёрдугаар сард Монгол улсдаа ирэх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ