Орос тамхинаас татгалзана

Хорт хавдрын эх үүсвэр болоод буй тамхинаас ОХУ татгалзахаар зэхэж буй талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Засгийн газар 2015 оноос хойш төрсөн хүүхдүүдэд тамхи худалдахыг хориглох хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.
Хэрвээ энэхүү хуулийн төслийг гишүүд дэмжин баталвал уг хууль 2033 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжинэ. Учир нь 2015 он, 2016 онд төрсөн хүүхдүүд одоо дөнгөж 1-2 настай бөгөөд 2033 онд 18 нас хүрэх юм. Тус улсад 18 дээш насныхан тамхи татахыг зөвшөөрсөн аж. Ерөнхийлөгч В.Путин “Бид тамхийг ялан дийлж чадна. Тамхинаас залуу хойч үеэ хамгаалах нь бидний үүрэг” гэж мэдэгджээ.
Мөн 2025 он гэхэд дотоодын тамхины үйлдвэрүүдийг багасгаж, тамхи татдаг иргэдийн тоог 10-30 хувиар бууруулахаар төлөвлөж буй гэнэ.
Орос тамхины хэрэглээ, тамхи татдаг иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ