Ц.Маруш: Ц.Амгаланбаатарыг тагнуулынхан удирдаж байгаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутган Т.Чимгээд 24 жилийн ял оноосон. Түүний ээж Ц.Маруштай цөөн хором ярилцлаа.

 

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

 

-Би 10 хүүхэд төрүүлсэн. Нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо таван хүү, дөрвөн охин минь эрүүл энх, аж төрж байна. Т.Чимгээ дөрөв дэх охин минь. Миний хүүхдүүд ийм хэрэгт холбогдох нь битгий хэл, цагдаа, сэргийлэхийн хаалга татаж ч үзээгүй.

 

-Таны охин Т.Чимгээ багадаа ямар хүүхэд байв?

 

-Охин маань 1969 онд Дорноговь аймагт төрсөн. Наймдугаар ангиа төгсөөд театрт бүжигчнээр ажилд орсон. Тэнд ажиллаж байгаад 1989 онд нөхөр С.Бямбасүрэнтэй танилцаад Эрдэнэт явсан даа. Гэхдээ Эрдэнэт, Дорноговь хоёрын хооронд ирэн очин л байсан.

 

-Тэр 1998 онд хаана байсан бэ?

 

-Чимгээ маань 1997 онд 82 настай эмээгээ асрахаар Дорноговь аймагт очсон. 1998 онд Дорноговьт өөрийн төрсөн гэртээ эмээгээ, бага насны хүүхдүүдээ асраад л аж төрж байсан. Тухайн үед гурван хүүхэд нь жаахан. Бага хүү нь хоёр настай, дундах охин нь нэгдүгээр анги, том охин нь  Сайншанд хотод сурч байсан. Миний хувьд тухайн үед нөхөр маань нас барчихсан ажил хийж амьдрах гэж л зүтгэж явсан даа. Ажлаа тарж ирээд орой охинтойгоо цуг л байдаг байсан. С.Зоригийн хэрэг гарах үед Дорноговь аймагт байсан гэдгийг батлах нэг болон гуравдугаар ангийн хүүхдүүдийнх нь сургуулийн журналаас хуулбарлан авсан баримтыг тагнуулын байгууллагад хүргүүлсэн. Гэсэн ч хавтаст хэрэгт оруулаагүй байна билээ.

 

Хоригдож байхад нь том охин нь нас барсан

 

-Т.Чимгээгийн үр хүүхэд одоо хаана хэрхэн аж төрж байна вэ?

 

-Том охин нь  өнгөрсөн оны наймдугаар сард автын ослоор нас барчихсан. Удаах охин нь бага дүүгээ хичээлд нь хүргэж өгч аваад асарч байна. Охин минь хоёр үрээ бодоод сэтгэлд нь зовж суугаа даа. Тэгж зовж суутал гүтгэгдээд 24 жилийн ял сонслоо. Эх хүн  зовлон даадаг л юм байна. Эвий охин минь харин зүрх муутай. Бие нь муудах вий гэж эх хүний хувьд зовж л сууна.

 

-Охин нь хоригдож байх хугацаанд нь нас барсан гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Би охиныг нь үхүүлчихээд сууж байх ч гэж. Чимгээ жил зургаан сар Төв аймгийн 461 дүгээр хорих ангид хоригдсон. Хоригдож байх хугацаанд нь том охин нь Сэлэнгэ орж явах замдаа автын ослоор нас барсан. Охиных нь нэгдүгээр ангийн жаахан охин нь өнчирч хоцроод, эмээгээ, ээжийгээ нэхээд л хэцүү юм.  Охиныг нь  хүн хорлов уу, ослоор нас барав уу гэдэг надад сонин санагдаад байгаа юм. Миний охиныг ингэж гүтгэж байгаа хүмүүс юу ч хийсэн байж болзошгүй юм гэж би хардаад байгаа шүү. Машины осол л гэсэн. Цагдаа нар ойшоохгүй л юм.

 

-Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

 

-Хамгийн сүүлд есдүгээр сард очиж, уулзсан. Тухайн үед ял хэргийг сонсоогүй байсан хэдий ч хачин их гундчихсан байсан.  Сүүлдээ би охинтойгоо уулзахаас халширдаг болсон. Үнэхээр хэцүү. Уулзах бүрт “Би ийм хэрэг хийгээгүй. Ээжээ намайг эндээс гаргаад аваач” гээд л уйлна. Даанч гаргаад авах эрх нь надад байхгүй болохоор хичнээн сэтгэл зовсон ч дэмий л дагаж уйлахаас хэтрэхгүй. Тийм болохоор заримдаа уулзахаас хүртэл халширч байсан. Эмэгтэй хүн хийгээгүй хэргийн төлөө жил зургаан сар шоронд хоригдлоо. Хоригдох хугацаанд нь цэл залуухан 28 настай том охин нь бурхан болчихсон. Нэмээд 24 жилийн ял сонслоо. Ингэж зовох юу хийсэн юм бэ миний охин /уйлав.сур/.

 

-Шүүх хурлаас хойш уулзаагүй юу?

 

-Уулзаагүй ээ. Шүүх хурлын үед намайг гэрчээр оруулсан. Охин минь тэнд уйлаад сууж байхыг нь л харсан.

 

-Шүүгчид таниас юу асуув?

 

-Танай охин чинь таны хэд дэх хүүхэд вэ. Таны охин цэх шулуун алхдаг уу, хөл нь майжиг уу зэрэг асуулт асуусан. Тэр болгонд нь би хариулсан. Үүний дараа таны охин 1998 онд хаана байсан бэ гэж асуусан. Шүүх хурлаас өмнө тагнуулынханд би олон удаа очиж асуугдаж байсан. Тагнуулынхан гэрт очиж удаа дараа нэгжлэг хийсэн дээ. 1998 онд Улаанбаатар хотод болсон хэргээс өнөөдөр манай гэрт юу байх ёстой, юу олдох ёстой юм. Бүү мэд.  Гэрт нэгжлэг хийх үедээ “1998 онд та хаана байсан бэ” гэж надаас асуусан. Гэнэт надаас тэгээд асуухаар би кноп дарж байгаа мэт хурдан хариулж чадалгүй “сайн санахгүй байна” гэж би үнэнээ хэлсэн. Сая шүүх хурал дээр бодож байгаад хаана байснаа хэлсэн. Гэтэл прокурор юм уу дүрэмт хувцас өмссөн хүн тэндээс босож ирээд миний яриаг ихэд гуйвуулсан. “Та надад сайн мэдэхгүй байна гэж хэлсэн мөртлөө өнөөдөр яагаад гэнэт Дорноговьд байсан гэв” гэсэн. Тэгэхээр аль нэг буруу тал руу хазайлгах гэсэн оролдлого юм болов уу л гэж бодсон доо. Хэрэг нь прокурорт шилжсэн гэхэд би баярлаж байсан. Одоо л нэг үнэн мөн нь олдоно гээд л итгэл төрж байлаа. Гэтэл 24 жилийн ял онооход миний толгой дундуур цохих шиг болж, зүрх өвдөж, даралт ихэссэн.

 

Ц.Амгаланбаатар Чимгээгийн гэрээс бурхан хулгайлсан

 

-Чимгээ баривчлагдахаасаа өмнө хаана ажилдаг байв?

 

-2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр Эрдэнэт хотод ажилдаа явж байхад нь баривчилсан гэсэн. Яг хаана ажилдаг байсныг нь мэдэхгүй байна. Ямартай ч албан газрын цайны газарт ажиллаж байсан. Хүүхдүүдээ л тэжээх гэж хөдөлмөрлөж явсандаа охин минь.

 

-Та тэр бүр охинтойгоо холбоотой байгаагүй юм уу?

 

-Холбоотой. Надад ийм нэг зурвас ирээд байна гэж охин минь надад утсаар яриад хэлж л байсан. Охидууд нь  тэр заналхийлсэн, айлган сүрдүүлэх гэсэн утгатай зурвасыг нь Эрдэнэтийн цагдаад үзүүлэн, хандсан байгаа юм. Гэтэл хуулийнхан сая шүүх хурал дээр ерөөс тэр зурвасын талаар яриа дэлгээгүй. Энэ их сонин.

 

-Тэгэхээр Ц.Амгаланбаатар танай охин руу ч бас зурвас бичдэг байж ээ?

 

-Өчнөөн зурвас бичсэн юм билээ. Тэр хүн миний охин руу зурвас бичээд л дарамтлаад байсан. 25 жилийн ял авсан хүн шоронгоос зурвас бичээд байсан нь сонин. Тэр битгий хэл миний охин Т.Чимгээг хоригдож байх хугацаанд нь тэр Ц.Амгаланбаатар гэдэг этгээдийг дагуулж очоод дарамталсан байгаа юм. Энэ юу болж байна вэ. Шоронд байгаа хүн Т.Чимгээгийн хүүхэд тийм хувцастай тэнд, энд явж байна гээд зурвас бичээд байсныг гайхдаг. Ц.Амгаланбаатарыг зурагтны удирдлага шиг эзэмшиж байгаа хүн хаа нэгтээ байгаа. Түүнийг би тагнуулынхан гэж бодож байгаа шүү. Яахав намайг хоривол хориг. Би бодсон санасанаа хэлнэ. Ц.Амгаланбаатарын үгээр шүүх шийдвэр гаргасанд харамсаж байна.

 

 

 

-Ц.Амгаланбаатар гэх этгээдийг та мэдэх үү?

 

-Манай охины нөхөр Бямбасүрэнгийн нагац эгч Цэвэлмаагийн өргөж авсан хоёр хүүхдийн нэг нь юм билээ. Эрдэнэтэд  хамар хашаа байсан юм шиг байгаа юм. Эмээ нь сайн мэдэхгүй юм.

 

-Танай охины гэрээс бурхан хулгайлсан. Түүнийг нь илчилсэн учраас өс хонзон санаж С.Зоригийн хэрэгт гүтгэсэн тухай сонслоо. Энэ үнэн болов уу?

 

-Эрдэнэт байдаг гэрээс нь хулгайлсан гэж сонссон. Гэрээс нь гурван бурхан хулгайлж зарсан байдаг. Тухайн үед Чимгээ айлын эхнэр хүн л болсон хойно Ц.Амгаланбаатарыг цагдаад өгч байснаас үүдэн хоорондоо таарамж муутай болсон юм билээ. Энэ үеэс л тэр Амгаланбаатар “Чамайг чадна аа” гэх зэргээр аль муухай үгээр заналхийлэх болсон байгаа юм. Би бодохдоо Ц.Амгаланбаатар гэдэг хүн шоронд байх хугацаанд нь эргэж, тойрсонгүй гэдэг үүднээс л өс санаж, хилс хэрэгт гүтгэсэн гэж бодож байна.

 

-Таны нас сүүдэр хэд хүрч байна вэ? Охиноо бодоод сэтгэл баахан хямарч л суугаа даа?

 

-Би 76 настай. Эмээ нь охиныхоо төлөө их л зовж байна. Ярихаар уйлах гээд болохгүй юм. -Унтах гээд л хэвтхээр охиноо бодоод нойр хүрэхгүй юм даа. Нялх хүүхэдтэй байсан эмэгтэй хүн, Улаанбаатар хотод хүн алах гээд зорьж очно гэж байж боломгүй явдал. Одоо би охинтойгоо хамт 24 жилийн ял авсан шиг л санагдаж, үймэрч явна. Амьдралын төлөө зүтгэж явсан охиныг минь даанч дээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ner:
huurhii duu.hunii eceg eh ger bul l hecuu yum daa.mongol turiin terguun Elbegdorj guai ene asuudliig anhaaraldaa avch unen muniig ni oloh heregtei sh dee.tag dulii suugaad baimaargui l yum .gemt heregten yaltanguudiig urshuuguud l baidgiin bn lee.medej baimaar l yum
2017-01-18
бат:
яг үнэн холоос шидсэн чулуу
2017-01-17