Трамп, Тайваньтай хамт галаар наадах хэрэггүй

Хятадын хэвлэлүүд Дональд Трампийг “Нэг Хятад” зарчмыг хүндэтгэхийг шаардах болжээ. Энэ талаар “www.independent.co.uk” сайт нийтэлжээ.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өмнөх удирдагчдынхаа үзэл баримтлалаас хазааж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэрбээр Тайванийн тэргүүтэй утсаар ярьж, АНУ, БНХАУ-ын харилцаанд сэв суулгахад хүргэлээ.
Учир нь тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар холбогдож, сүүлийн үеийн асуудлаар ярилцсан нь Бээжингийн дургүйцлийг улам хүргэсэн аж. АНУ, 1979 оны хоёрдугаар сард Тайваниас дипломат харилцаагаа тасалж, Бээжингийн “Нэг хятад” зарчмыг даган мөрдөхөө мэдэгдсэн юм. Харин энэхүү уламжлалыг Трамп эвдэлж, 37 жилийн дараа хоёр улсын удирдагч утсаар холбогджээ. Уг утасны дуудлагын дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр Трампийг бус Тайванийг уг хэргийн гол буруутан хэмээн мэдэгдсэн нь олны гайхшруулсан билээ. Ван И “Тайвань заль мэх ашиглаж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй эрхэмтэй утсаар холбогдсон “ гэж мэдэгдсэн юм.
Бээжин, АНУ-тай харилцаагаа муутгахаас болгоомжлон дээрх мэдэгдлийг хийсэн ч Трамп тус улсаас үл айн твиттер хуудастаа “Тайванийн Ерөнхийлөгч өнөөдөр надтай утсаар холбогдож, сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэсэн”, 3Тайвань, АНУ-тай олон тэрбумын зэвсгийн наймаа хийдэг байхад би яаж Тайванийн дуудлагыг авахгүй байх юм” хэмээн жиргэсэн билээ.Эдгээр жиргээний дараа Бээжин, АНУ-ын “Нэг хятад” зарчмыг нь хүндэтгэхийг шаардах болсон юм.
Тэгвэл Хятадын хэвлэлүүд “Трамп, Тайваньтай хамт галаар тоглох хэрэггүй” хэмээн сануулах боллоо.Тус улсын хэвлэлээр ийнхүү бичсэн нийтлэлүүд цацагдаж буй бөгөөд “Трамп дахин алдаа гаргавал гол хамтрагчаа алдахад хүрнэ” хэмээн “China Daily” сонин сануулсан байна. Трамп өнгөрсөн амралтын өдөр “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөх үедээ “АНУ цаашид ОХУ болон БНХАУ-тай олон салбарт хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр ийнхүү ярьсанаар “Нэг хятад” зарчмыг хүлээн зөвшөөрч эхэллээ” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.
Хятадад 1949 онд дэгдсэн иргэний дайны үеэр Тайвань салан тусгаарласан юм. Бээжин Тайванийг тусгаар улс хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өөрийнх нь эх газраас салсан хэсэг хэмээн үзэж, “Нэг хятад” бодлого явуулах болсон юм. Уг бодлогыг нь олон улсыг хүлээн зөвшөөрөхийг хүсчээ.
“Бээжин яагаад Трампад уурлахгүй байна вэ?” гэх асуулт анхаарлыг татаж буй. Тэгвэл уг асуултад албаны төлөөлөгч “Трамп албан ёсоор тангарагаа өргөөгүй байна. Тэрбээр улстөрийн мэдлэг муу бас туршлагагүй улстөрч. Тэр тангарагаа өргөөд бидний зарчмыг хүндэтгэх болно” гэж мэдэгджээ.
Гэхдээ Трампийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтарсан ажилласан эрхмүүд “Трамп “Нэг Хятад” зарчмын талаар сайн мэддэг байсан. Тэрбээр зүгээр л бусдаас өөрөөр явахыг хүссэн бололтой” гэж ярьсан байна.
Трамп мөн тун удахгүй эрх мэдлээ өөрт нь шилжүүлэн өгөх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан “Оросын эсрэг хориг”-оо цуцалж магадгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Москваг терроризмын эсрэг дайнд хамтарвал эх орных нь эсрэг хэрэгжүүлж буй олон хоригийг цуцлахаа илэрхийлсэн билээ. Одоогоор уг асуудлаар Москва албан ёсны тайлбар хийгээгүй байна.2013 оны зун Украины зүүн хязгаарт дэгдсэн дайныг Орос санаачилж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан хэмээн Барак Обама, В.Путинийг буруутгаж, эдийн засгийн хориг тавьсан билээ. Харин Обама, Трампад хандан “Оростой ойртон нөхөрлөх хэрэггүй” хэмээн сануулсан юм. Трамп гуравхан өдрийн дараа тангарагаа өргөх бөгөөд Ерөнхийлөгчийн хувиар хамгийн эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана гэдгээ илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ