Гэмт хэргийн улмаас жилд 880 хүн нас баржээ

img

Цагдаагийн байгууллага жил бүрийн эхэнд өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Өчигдөр /2017.01.18/ ЦЕГ-ын ажилчид өнгөрөгч 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Гэмт хэргийн тоо 2.1 хувиар буурсан

 

2016 онд гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 2.1 хувиар буурчээ. Энэ нь “Олон нийтийн цагдаа”, “Оюутан цагдаа”, “School police”, “Хөршийн хяналт” зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнтэй холбоотой гэдгийг ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, дэд комисар Ц.Ням-Очир хэлэв.

 

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 880 хүн нас барж 11257 хүн гэмтсэн байна.  Мөн  улсын хэмжээнд өнгөрсөн жил гэмт хэргийн улмаас 112 хүүхэд нас барж, 715 хүүхэд гэмтсэн статистик мэдээг танилцууллаа. Гэмт хэргийн олонхи нь буюу 65.9 хувь нь нийслэлд үйлдэгддэг ажээ. Гэмт хэрэг үйлдэгдэж буй газрын их нь буюу 33.9 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгддэг байна. Гэмт хэрэгт холбогдож буй хоёр хүн тутмын нэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн байдаг аж. Өнгөрсөн жил гэхэд 23805 хүн гэмт хэрэгт холбогдсоны ихэнх нь 18-29 насны ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн байжээ. Мөн дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байгааг цагдаагийн алба хаагчид  хэлсэн юм.

 

Хулгайн гэмт хэрэг 1-3 сард нэмэгддэг

 

Харин гэмт хэрэг илрүүлэлт улсын хэмжээнд 66 хувьтай байгаа нь өмнөх оноос 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэмт хэргийн гаралт буурч илрүүлэлт өссөн нь орчин цагийн технологийн дэвшил буюу камерын хяналттай холбоотой гэнэ. Улсын хэмжээнд 12 мянган камер байдаг. Үүнээс 2500 нь цагдаагийн байгууллагын эзэмшилд байдаг ажээ. Камерын бичлэг нь гэмт хэрэг гарах, гарсан тохиолдолд илрүүлэхэд тус дөхөм болдогийг цагдаагийн мэргэжилтнүүд хэлж байлаа

 

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, дэд комисар Ц.Ням-Очир “ЦЕГ иргэд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тусам гэмт хэрэг буурах хандлагатай байна. Энэ онд ЦЕГ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг сайжруулах болно. Алба хаагчдын харилцааны соёл, чадварыг нэмэгдүүлнэ. Сүүлийн гурван жилийн байдлаар  нэг, хоёр, гуравдугаар сард бусдын эд зүйлийг булаах, хулгайлах гэмт хэрэг өсдөг. Учир нь уламжлалт “Цагаан сар”-ыг баярыг угтан иргэд баярын бэлтгэлээ базаадаг, гэр орноо эзэнгүй орхидог зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хулгай, булаалт, дээрэм, залилангийн гэмт хэрэг олноор үйлдэгддэг байна. Жилд 25 мянга орчим хүн гэмт хэрэгт өртөж, 150 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Тиймээс иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг санал болгож байна” гэв.

 

Замын цагдаагийн албанаас  гаргасан мэдээллээр 2016 онд өмнөх оноос зам тээврийн ослоор нас барсан хэрэг 13.8 хувиар, бэртэж, гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар буурсан байна. Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор ЗЦГ-аас орон нутгийн замд эргүүлийн цагдаа, хөдөлгөөнт камерын хяналтыг эрчимжүүлж байгаа аж. Мөн сар шинэ дөхөхөөр худалдааны төвүүдийн ойролцоох замын ачаалал ихсэн, авто зогсоолын асуудал хөндөгддөг. Тиймээс томоохон худалдааны төвүүдийг машины зогсоолоо үйлчлүүлэгчдэдээ гаргаж өгөх захирамж хүргүүлж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ