Ерөнхийлөгч огцрохгүй бол цэргээ оруулна гэв

Гамби улсын Ерөнхийлөгч Яхья Жамме өнөөдөр өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Сенегал болон Нигери улсын зэвсэгт хүчин тус улсад нэвтрэн оруулахаа илэрхийлсэн “CNN” агентлаг мэдээллээ. Сенегалын армийн хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт “Гамбийн эрх баригчид хямралт байдлаас гарах улс төрийн шийдлийг олж чадахгүй бол манай улсын арми цэргийн ажиллагаа явуулж эхэлнэ. Бид Ерөнхийлөгчийн эцсийн шийдвэрийг хүлээж байна” ийнхүү ярьжээ.
Гамбигийн талаар Сенегал ийнхүү мэдэгдсэний дараа Нигерийн Батлан хамгаалах яам “Сенегалын хуурай замын цэргийн хүчнийг дэмжин ажиллах болно. Бид бүхий л бололцоогоо ашиглана” гэж мэдэгдэв. Албаны эх сурвалжууд “Нигерийн 10 гаруй сөнөөгч онгоц болон 200 гаруй цэрэг Сенегалд өнгөрсөн шөнө хүрэлцэн ирсэн. Тэд Гамби улсад суурьшиж буй Нигерийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэсэн байна.
Гамбийн нутаг дэвсгэрт цэргээ оруулах зөвшөөрлийг Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэг буюу (ECOWAS) Сенегал улсад өгсөн аж. Тус байгууллагын хувьд Гамбийн сөрөг хүчний удирдагч Адам Бэрроу Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэмээн үзэж, Яхья Жаммед шахалт үзүүлж буй юм.
Гамби улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Харин сонгуулийн дүнг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ялалт байгуулаад буй Адам Бэрроуд суудлаа хүлээлгэн өгөхөө татгалзаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ