Ц.Баясгалан: Би өндөр зэрэглэлийн жүжигчин
Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг энэ сарын 27,28-нд тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан гол дүрийн жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалантай уулзаж ярилцлаа.
“Чөлөөт хос” жүжгийг эрчүүд үзээсэй
-Эрх чөлөөт Антония дахин тайзнаа амилах нь. Та хэд дэх удаагаа энэ жүжигт тоглох гэж байна вэ?
-Хэд дэх удаагаа Антонияд тоглох гэж байгаагаа санахгүй байна. Ямартай ч анх 2014 оны аравдугаар сард тайзны бүтээл болгож тоглосон. 2015 оны гуравдугаар сар эмэгтэйчүүдийн баяраар их олон удаа тоглож байлаа. Түүний дараа бригадаар орон нутгаар аялан тоглосон. Баянхонгор аймгийн Бууцагаан суман дээр хүртэл очиж тоглож байлаа. Хөдөөгийн эмээ, өвөө нар ирээд тайзны өмнүүр цомцойтол суучихсан байсан. Энэ жүжигт маань сексийн тухай яриа маш их өрнөдөг. Тэр бүгдийг сонсоод л нөгөө эмээ нар маань “Хүүе яадаг билээ” гээд л чанга чанга уулга алдаад л, нүүрээ дараад ичээд л тэгж их гоё хүлээж авч билээ. Хэдий хөдөөнийх ч гэсэн уншсан ном ихтэй хүмүүс учраас драмын урлагийг ойлгодог, соёл урлагийн маш өндөр боловсролтой юм билээ гэдгийг ойлгож авсан шүү.
-Анхны юм гэдэг мартагддаггүй. Анх энэ жүжигт тоглохдоо айж, догдолж байв уу?
-Хүн мэдэхгүй, чадахгүй юмнаасаа маш их айдаг. Маш их судалгаа хийсэн учраас ер айж, сандраагүй. Харин бүх юм бэлэн болчихсон байсан учраас үзэгчидтэйгээ хуваалцах гэж маш их яарч байсан шүү. Эрчүүд гэр бүлийн хамт маш их үзээсэй. Үзчихээд эхнэрийгээ хайрлах сэтгэл нь улам бүр бадраад гараасай гэж л хүсэж байсан даа.
-Антонияд яагаад таныг сонгов?
-Найдаа /Ч.Найдандорж/ найруулагч 10 жил зохиолыг нь хадгалсан юм билээ. Хэнийг тоглуулах вэ гэж ч их бодсон байгаа юм. Дүр хуваарилахад намайг сонгосон. Тэгээд би хальт зохиолоо унштал маш их хэрүүлтэй санагдсан учраас тухайн үед монодрамын олон улсын фестивальд оролцохоор Косово Пежа хотноо явах гэж байсан учраас эвтэйхэн зугтах бодолтой байлаа. Косово руу явах гэж байхад Найдаа найруулагч маань ирээд “Чи тоглоно гэвэл би чамайг иртэл сургуулилт хийхгүй хүлээж байя” гэсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгж л намайг сонгож байсан даа.
-Тайзан дээр ердөө л нэг ширээ хоёр сандал. Тэгээд цаг 40 минутын турш хоёр л хүний харилцан яриагаар жүжгийн үйл явдал өрнөдөг. Өвөрмөц шийдэл шүү?
-Тийм ээ. Энэ жүжгийг дэлхийн олон оронд тоглосон байдаг. Эдгээрийн бичлэгийг үзэж, харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр Найдандорж найруулагч маань маш өвөрмөц шийдлээр олны хүртээл болгосон. Найруулагч маань энэхүү жүжгийг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг магтан мандуулах зорилгоор найруулсан гэдэг юм. Болж буй үйл явдал маш сонирхолтой учраас энэ жүжигт тоглоод дуусахад ерөөс ядардаггүй шүү. Нэг өдөрт гурван удаа тоглож л байлаа. Хоёулханаа уйлна, хашгирна. Тайзан дээр өчнөөн юм болдог доо. Тодгэрэл маань тайзан дээрх ганц ширээгээ нааш, цааш хэд хэд зөөнө. Гэсэн хэдий ч нэг л мэдэхэд жүжиг төгсдөг.
Олон хүүхэд төрүүлэхгүй яагаа вэ гэж хааяа бодно
-Антония, Ану хатан гээд таны тоглосон дүрүүд хурц, дайчин санагддаг. Харин та амьдрал дээр ямархуу зан, араншинтай хүн бэ?
-Амьдрал дээр би өөрийгөө дайчин гэж ам бардам хэлж чадахгүй. Гэхдээ мэдэхгүй юм. Моно жүжгийн төв байгуулаад л энэ төрлийн жүжгийг монголд хөгжүүлэх гэж, драмын урлагийн төлөө бор зүрхээрээ гүйгээд л байна. Олон улсын моно жүжгийн фестивалийг эх орондоо хоёр жил дараалан зохион байгууллаа. Өнөө жил ч фестиваль маань болно. Хүн харахад жижигхэн арга хэмжээ мэт санагдаж болох ч миний хувьд маш том ажил. Энэ бүхний төлөө тууштай зорьж байгаа учраас магадгүй ээ эцсээ хүртэл тэмцдэг тийм нэг чанар надад байх шиг санагддаг шүү.
-Уран бүтээлч хүн их эмзэг шүү дээ. Таныг юу хамгийн ихээр эмзэглүүлж байна?
-Би их тайван, уужуу хүн шүү дээ. Хэдэн жилийн өмнө шантрах, сэтгэлээр унах, хэн нэгэнд гомдох цаг үе байсан. Нас явах тусам улам л тайван болчихдог юм шиг байна. Бүх юмыг уучилдаг, аливаад тайван ханддаг, бүх юм сайхан болно гэдэгт итгэдэг болчихож ээ. Тийм учраас эмзэглээд байдаггүй юм. Харин зарим заримдаа залуу насандаа олон хүүхэд төрүүлэхгүй яагаа вэ гэж эмзэглэдэг юм /инээв.сур/. Хэн нэгний хэлсэн үгэнд гомдохоо байчихаж ээ. Буянаараа болог дээ. Энэ хүн жаахан ухаажаагүй байна даа гээд л бодоод өнгөрдөг болсон доо.
-Хүү нь сайхан залуу болсон байх даа?
-Хүү маань надаас илүү эмээтэйгээ их дотно. Би ээж, хүү хоёр, ах дүү нарынхаа хүчинд өдий зэрэгтэй явна даа. Хүү маань их сайхан залуу болж байгаа. Ээж маань багш хүн учраас намайг сургасан шиг ээ хүүг маань “Болохгүй, болохгүй” гэж л хүмүүжүүлж байгаа. Тиймдээ ч хүү маань гэр амьтай. Манай хоёр буузаа хийгээд л, эмээдээ гурил нухаж өгөөд л гоё гоё хоол хийгээд л сууж байдаг юм. Хүмүүжлийн хувьд ганцаараа өссөн учраас жаахан амиа зан гаргах гээд байгаа байдал харагдана. Тэр болгонд нь би “Бусдын төлөө сайхан сэтгэл гаргаж байж миний хүү хүн гэдгээ мэдэрч, сэтгэл хангалуун амьдрана” гэж хэлдэг юм. Хорь гарсан ч эмээгийн, ээжийн хүү хэвээрээ л байна даа одоогоор.
-Хүү нь жүжигчин болох гээд та болиулчихсан гэсэн үү?
-Мань хаширт жүжигчин болох сонирхол байсан. Тэр сонирхлыг нь таслан зогсоож барилгын инженерийн сургуульд оруулсан. Тэрэндээ сонирхолгүй юм. Тэгээд өөрөө ШУТИС-ийн мэдээлэл холбооны сургуульд компьютерийн программистаар сурч байгаа. Багад нь хүүгээ гадаад, дотоодод сургахыг нэг их яарахгүй байна. Хүү маань ч ээжийгээ бага цалинтайг маш сайн ойлгодог, надад ээжээс өөр туслах хүн байхгүй гэдгийг мэддэг учраас сургуулиа төгсөөд өөрөө мөнгө олчихоод гадаадад суралцана гэж ярьдаг юм.
-Ээж, хүү хоёрт хааяахан аавын нөмөр, нөөлөг дутагддаг л байх даа?
-Хань ижилтэй байсан бол түүнийхээ төлөө уран бүтээлийнээ цаг заваас хомслох л байсан байх. Гэхдээ ийм л хувь зохиолтой байсан юм байлгүй. Гэхдээ би их аз жаргалтай хүн шүү. Багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Өнөөдөр дуртай ажлаа хийж байна. Яг л өөрийн хүссэнээрээ амьдарч байна. Манай дүү нар тань шиг жаргалтай хүн алга гэдэг юм /инээв.сур/. Гэхдээ нас явах тусам хүн хэдий мэргэжилдээ хайртай дуртай хэдий ч эмэгтэй хүн гэдгээ мэдрэх, гэр бүлийн амьдрал илүү чухал гэдгийг бодох болсон.
-Хэзээ нэгэн цагт хүү аавтай болох байх. Та ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Хүний залуу байх үеийн бодол 40 гарсан хүний, эр хүний тухай бодол их өөр л дөө. Одоо бол надад эрчүүд ухаантай, өөрийгөө аваад явчих чадвартай. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг энэрдэг, хайрлаж чаддаг, өөрт нь эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж чаддаг байгаасай. Эмэгтэй хүнд жаахан ч гэсэн санаа тавиад цай авчраад өгчихдөг. Даарчихав гэж санаа тавьдаг байгаасай л гэж хүсдэг. Эмэгтэй хүний төлөө эр хүн хэрхэн санаа тавьж байна. Тэгэх тусам нь эмэгтэй хүн эргээд түүндээ санаа тавьдаг, хүндэлдэг шүү дээ. Эрчүүд бүсгүй хүний төлөө сэтгэл гаргадаг байгаасай л гэж хүсдэг. Түүнээс биш баян, эрх мэдэлтэй байгаасай гэж боддоггүй. Тийм болохоор би баян хүнтэй суухсан ч гэж боддоггүй. Би хэзээ ч хүний хөрөнгө мөнгөн дээр оччихоод бах таваа хангаад хэвтэх эмэгтэй биш.
Төр засгаас өгсөн шагналын мөнгөөр машин авсан
-Таныг моно жүжгийн фестивалиас Гранпри шагнал хүртэхэд Засгаас 65 сая төгрөгөөр шагнасан. Тухайн үед та байр авна гэж ярьж байсан. Байраа авсан уу?
-Байр аваагүй ээ. Гэхдээ байртай болсон. Мөнгөөрөө би их гоё машин авсан. Мөн багш нартаа, найруулагчдаа тодорхой хэмжээний хувь олгосон. Хамгийн чухал нь моно жүжгийг Монголд хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хамгийн анхны моно жүжгийн фестивальд 10 сая төгрөг зориулсан. Тэгээд олон улсын фестивальд явахдаа замын зардал олох гэж их олон өр тавьсан байлаа. Түүнийгээ төлсөн дөө.
-Аль нэг жүжгийн дүрд тоглохсон гэж шунаж байв уу?
-Би залуу байхдаа Сувдаа эгч шиг жүжигчин болно гэж мөрөөддөг байв аа. СГЗ Уртнасан багш маань ч намайг Сувдаа шиг жүжигчин болно гэдэг байлаа. Тэр утгаараа хатны дүрд тоглохсон л гэж залуудаа шунаж, хүсэж явсан даа. Одоо бол шунаж, хүссэн зүйл алга. Миний хамгийн дуртай зүйл бол дуу дуулах. Тийм учраас мюзиклд тоглохсон гэдэг мөрөөдөл бий.
-Таныг дуулах дуртайг тань мэднэ. Харин ямар дуу дуулах дуртайг тань мэдэхгүй юм.
-Насны залууд Адарсүрэн, Хоролсүрэн гуайн дуунд маш их дуртай байсан. Одоо болохоор шүлэг, аяндаа байгаа юм уу хүний сэтгэлд хоногшиж чадахаар биш болоод тэр үү зохиолын дууг нэг их сонсож чаддаггүй юм. Гэхдээ аялгуу сайтай Дэлгэрмаа, Баясгалан, Жавхлангийн дууг сонсоно оо. Ерөнхийдөө би поп талруугаа эсвэл сонгодог аялгуу сонсох дуртай.
-Караокед орохоор “цайны” дуутай биз?
-Заримдаа найзуудтайгаа караокед нь шүү. Тэгэхдээ Сарантуяагийн дууг дуулна. “Харанга” хамтлагийн дууг дуулах дуртай. Мөн хуучны “Хонх”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуулна аа.
-Та яг одоо хийж бүтээснээрээ, нийгэмд эзлэх байр сууриараа хэн бэ?
-Би нэг их олны танил, нэр алдарт хүрсэн хүн биш. Гэхдээ би театрын тайзан дээр 20 гаруй жил амьдарч, ажилласандаа хэзээ ч харамсдаггүй. Тайзны урлагт маш чадварлаг жүжиглэж амжилт гаргахыг л хүсэж байсан. Түүндээ хүрсэн. Олон улсаас авчирсан шагналууд маань үүнийг гэрчилнэ. Өнгөрсөн жил ОХУ-д моно жүжгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг фестиваль болсон. Тэр наадмаас би “Хааны болор малгай” цом авчирсан. Тухайн тэмцээний шүүгчид тоглолтын дараа миний өрөөнд орж ирэн надад баяр хүргэж, “Монголын драмын урлаг ийм өндөрт хүрчихсэн хэрэг үү” хэмээн гайхаж байсан шүү. Тэр чадварлаг хүмүүсээс маш олон магтаал сонссон учраас миний чадвар өндөр хэмжээнд байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. Тийм болохоор би өөрийгөө тайзан дээр өндөр зэрэглэлд тоглодог гэж бодож байна. Үүнд итгэлтэй байдаг. Энэ бол миний өөрөөрөө бахархах маш том бахархал. Би тайзан дээр өндөр амжилт гаргасан. Мөрөөдөлдөө хүрсэн. Энэ бол олны танил байхаас илүү өөрийгөө тэжээдэг аз жаргал минь.
-Та тэр бүр кинонд тоглож харагддаггүй. Кино урлаг руу орох бодол бий юу?
-Энэ жилээс кино урлаг руу орох бодол бий. Гэхдээ тэр бүр аар, саархан юманд тоглох бодолгүй л байна. Учир нь Миний багш АЖ, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр гэж хүн байсан. Аав ээж маань сурган хүмүүжүүлэгч байсан учраас би багшийнхаа үгнээс ер гардаггүй байсан. Багш маань ч намайг “Баясаа чи тайзны хүн шүү” л гэдэг байсан. Тийм ч болохоор би реклам, хошин шогт ер тоглодоггүй байлаа. Багш намайг “битгий рекламанд тоглоорой чи” гэж их захина. Тэгсэн хэр нь өөрөө рекламанд тоглочихсон байхаар нь гайхдаг байсан. Одоо бодоход миний л төлөө хэлдэг байж дээ.
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ