“Боож үхлээ” жагсаалын үеэр клипний зураг авна

Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Жагсаалд нэгдэх уран бүтээлчид өчигдөр /2016.01.26/ мэдээлэл хийсэн.
Энэ сарын 28-нд болох утааны эсрэг “Боож үхлээ” нэртэй жагсаалд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун болон СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын уран бүтээлч оролцохоо мэдэгдлээ.
“Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун хэвлэлийн хурлын үеэр өөрийн зохиосон утааны эсрэг дуугаа анх удаа дуулж сонирхуулсан юм. Тус хамтлагийн уран бүтээлчид энэ дуугаа тайван жагсаалын үеэр олон нийтийн сонорт хүргэх аж.
Дуучин Б.Батчулуун жагсаалд нэгдэх болсон талаараа “Бидний гаргасан дуу олон түмэнд нэгийг бодогдуулах байх гэсэн бодлоор утааны эсрэг жагсаалд нэгдэж байна. Утааны эсрэг энэ дуугаа гурван жилийн өмнө бичсэн. Тайван жагсаалын үеэр клипний зураг авна” хэмээсэн юм.
Уг дууны үг, аяыг “Никитон” хамтлагийн Б.Батчулуун бичжээ. Тэд олон нийтийг тайван жагсаалд идэвхитэй оролцохыг уриаллаа.
Жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ