Бид сэтгэл нэгтэй, дайчин тоглосон

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилалын тэмцээн энэ сарын 24-29-ний өдрүүдэд Шведед боллоо. Тус тэмцээнд оролцсон манай баг тамирчид хүрэл медаль хүртэж, Монголын багийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Тамирчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдсөн. Харин В ангилалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол, Голланд зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид шөвгийн наймд Голландын багтай учраас таарч, 6:2-оор хожсон ч Канадын багт 4:3-аар ялагдсан. Үүний дараа Японы багтай хүрэл медалийн төлөө тоглож ялалт байгуулсан. Улмаар хоккейчид хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирээд байна.
Тэмцээний талаар шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн “Энэ медалийг эх орондоо авчрахыг 11 жил хүлээсэн. Авдаг л юм байна. Манай залуучууд сэтгэл зүрх нэгтэй үнэхээр дайчин тоглосон. Тийм ч учраас 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Манай багийн залуус үнэхээр ур чадвартай гэдгийг энэ тэмцээнээс олж харлаа. Манай улсад бидэнд бэлтгэлээ хангах материаллаг бааз байхгүй. Бид бараг бэлтгэл хийхээгүй очсон. Гэтэл өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг мэргэжлийн баг тамирчидтай тоглож хүрэл медаль хүртсэн нь тамирчдын ур чадварыг илтгэж байна” хэмээв.
Тэмцээнд оролцож байгаа бусад орны тамирчид цалин авдаг, хоккейгоос өөр ажил хийдэггүй, мэргэжлийн тамирчид байдаг. Харин манай улсын хоккейн тамирчид өөр өөр ажилтай ч өндөр амжилт үзүүлсэнд бусад орны дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд гайхаж байсан. Улсаас дасгал хийх материаллаг бааз, мөсөн ордон бариад өгвөл бидний амжилт хязгааргүй. Өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байна. Бид хувцас хэрэглэл, цалин мөнгө өгөөч гэхгүй. Бид нарт зөвхөн мөсөн ордон бариад өгвөл хариуг нь бид эргээд медаль болгож, улс эх орныхоо нэрийг мандуулахсан гэсэн хүсэл бүх тамирчинд бий гэдгийг шигшээ багийн тамирчид онцолж байлаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ