Мадонна: Би залуу эрчүүдээс цэнэг авдаг

Попын хатан хаан Мадонна “Jimmy Fallon” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та яагаад Трампийг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Олон шалтгаан бий.
-Ямар шалтгаан?
-Би ард түмний талд гэдгээ олон нийтэд мэдрүүлэхийг хүссэн. Ард түмэн хамгийн хүчтэй. Би үргэлж хүчтэй багийн талд ордог байсан.
-Таныг шинэхэн Ерөнхийлөгч маань “бүдүүлэг” хэмээн тодорхойлсон?
-Бид хоёрын аль нь бүдүүлэг болдоо. Бид өөр зүйлийн талаар ярилцаж болохгүй гэж үү. Би энэ бүхний талаар бодохоор өөрийн эрхгүй бухимдал минь төрөөд байна.
-Та хэдхэн жилийн дараа 60 нас хүрнэ. Энэ насан дээрээ ирсэн ч өнөөдрийнх шиг эрч хүчтэй хэвээрээ байх уу?
-Мэдээж хэрэг. Миний эрч хүч хэзээ ч дуусашгүй. Мадонна гэх хүн үхсэн цагт л энэ эрч хүч агаарт замхран алга болно. Эмэгтэйчүүд нас нэмэхээс их айдаг. Азаар би нас нэмэхээс тийм ч их айдаггүй. Нас бол тоо. Насыг зүгээр л тоо гэдгийг мэдсэн цагт чи аз жаргалыг мэдрэх болно.
-Таны уран бүтээлд хил хязгаар гэж үгүй. Та дууныхаа үгийг өөрөө бичдэг. Та өөрийнхөө уран бүтээлийн санааг өөрөө гаргаж, клипийнхээ зохиолыг бичдэг. Та уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг хүсдэг вэ?
-Хүссэн бүхнийг. Залуус юу хүсч байгааг би уран бүтээлээрээ төлөөлүүлэн нийгэмд хүргэхийг хүсдэг. Уран бүтээлээр чи нийгмийг ч өөрчилж болно. Гагцхүү чи уран бүтээлдээ үнэн ч бас туйлбартай байх хэрэгтэй.
-Та энэ цагийн хүчирхэг бүсгүйчүүдийн нэг. Харамсалтай нь олны танил сэтгүүлүүд таныг жагсаалтадаа багтаадаггүй.
-Жагсаалт эсвэл шагнал миний зорилгыг үнэлж бас мохоож чадахгүй. Жагсаалтад багтаагүй, шагнал аваагүй гэж би өрөөнөөсөө гарахгүй уйлах хүн биш. Зөвхөн сонсогчид минь над шиг бодож бас эдгээр шийдвэрлэгдэж чадаагүй асуудлыг шийдвэрлэх гарц хайдаг байгаасай хэмээн хүсч байна. сонсогчид надтай адилхан бодолтой байна гэдэг гайхалтай. Миний зорилго мөнгө, нэр хүнд эсвэл эрх мэдэл биш. Харин надад цаг хугацаа улиран өнгөрсөн ч миний дууг үнэнчээр сонсдог сонсогчидтой байх чухал.
-Гэхдээ та бүгдийг нь биелүүлсэн.
-Сонсогчдын минь ач гэхэд болно. Сайн уран бүтээлийг үнэлдэг хүн байдаг гэдэг гайхалтай явдал. Хэрвээ дуу хөгжим гэх зүйл өнөөдрийнх шиг өндөр түвшинд хөгжөөгүй байсан бол олон зуун хүн ажилгүй суух байсан. Тэдний нэг бол би. Би дуулж, бүжиглэхээс өөр ажил хийж үзээгүй.
-Өнгөрсөн хугацаанд Рокки та хоёрынх дундах асуудал олны анхаарлыг татсан?
-Рокки надтай бус аавтайгаа амьдрахыг хүссэн. Энэ шийдвэрийг сонсоод би өөрийгөө ямар алдаа хийв гэх бодолд автсан. Хүүгийн минь асуудал намайг хүчгүй, амьгүй цогцос болгосон. Хүүгийнхээ ачаар би муу ээж гэдгээ ойлгосон.
-Та муу ээж гэж үү?
-Тун муу ээж.
-Рокки таныг харааж, зүхэж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. Энэ бүхэнд гомдохгүй байна гэж үү?
-Үгүй дээ энэ бүхэн миний нүдийг нээсэн.
-Та эрчүүдийг хэрхэн үнэлдэг. Танд таалагдахын тулд тэр хүн ямар байх ёстой вэ?
-Мэдэхгүй юм. Тэр залуу надад таалагдахыг хүсч л байгаа бол өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.
-Өөрөөрөө байх. Энэ таны жинхэнэ шаардлага гэж үү?
-Чи миний хувийн амьдралыг яг л ном шиг уншихыг санаархаж байна.
-Та ихэвчлэн өөрөөсөө дүү залуусыг сонгодог. Энэ талаар?
-Эрч хүч надад таалагддаг. Би залуу эрчүүдээс цэнэг авдаг.
-Таныг нэг үгээр илэрхийлвэл “сахилгагүй”. Энэ насан дээр өсвөр насны охин шиг аашлах ямар байдаг вэ?
-Чи намайг жүжиглэдэг гэж боддог бололтой. Уг нь миний жинхэнэ зан ааш сахилгагүй төрлийнх.
-Зарим хүмүүст таны зан ааш бүдүүлэг санагддаг?
-Надад таалагдаж байгаа зүйл бусдад таалагдах албагүй. Би ямар гоо бүсгүй эсвэл онгоцны үйлчлэгч биш. Ер нь хүн өөрөөрөө байх хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдах гэж хичээснээс болж чи өөрийгөө алдах болно. Эцэст нь хэн гэдгээ мартах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ