Монголчууд Засгийн газартаа үнэт эдлэл, морь бэлэглэж эхэлжээ

Монголчууд Засгийн газраа хямралаас гаргахын тулд хандив цуглуулж эхэлсэн талаар Америкийн “Ройтерс” агентлаг тэргүүтэй гадаадын хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна.
Монгол Улс ирэх гуравдугаар сард эхний ээлжинд 600 сая ам.долларын бондын өрийг төлөхөөр төлөвлөж байгаа юм. Хэрвээ тус улс уг өрөө заасан хугацаандаа төлөхгүй бол хүндхэн байдалтай нүүр тулна.
Энэ хэцүү цаг үед монголчууд Засгийн газраа хямралаас гаргахын тулд бэлэн мөнгө, үнэт эдлэл, алтаас гадна морь хүртэл хандивлаж эхэлсэн байна. Мөн олон иргэд энэхүү хандивын аянд нэгдэж, Засгийн газраа хямралаас гаргахаар төлөвлөж буй юм.
Монгол Улс эдийн засгийн хүндхэн байдалтай нүүр тулаад буй бөгөөд тус улсад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчид эрс буурчээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсанаар Монголын эдийн засаг хүртэл сульдахад хүрсэн юм. Монголын эдийн засаг хөрш БНХАУ-тай шууд хамааралтай билээ. Төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж буй бөгөөд /1 доллар-2460 төгрөг/-тэй тэмцэж байна.
Монголын Засгийн газар эдийн засгийн хямралаас гарахын тулд БНХАУ-ын эрх баригчид болон Олон улсын Валютын сангаас зээл авахаар хэлэлцсэн боловч уг асуудал түр хугацаанд зогсонги байдалд ороод буй юм. Монгол Улсын Хөгжлийн банк ирэх сард эхний ээлжинд бондын өрөнд 580 сая ам.долларыг хийх ёстой.
Хэдий эрх баригчид “бондын өрийг хугацаанд нь төлнө” хэмээн ард түмэндээ мэдэгдсэн боловч иргэд санаачлагаараа Засгийн газартаа туслах аянг өрнүүлжээ. Иргэд, албан байгууллагууд боломжоороо туслалцаа үзүүлж буй талаар нийгмийн сүлжээ болон хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна.
Энэхүү аянд УИХ-ын гишүүд нэгдэж, хувиасаа хандив өргөж эхэлжээ. Сонирхуулахад нэгэн компанийн захирал хувиасаа 100 сая төгрөг /40 мянган ам.доллар/ хандивласан бол зарим иргэд үнэд хүрэх алт, мөнгөн эдлэлээ хандивлажээ. Мөн адуу бэлэглэжээ. Монгол Улсын валютын нөөц олон улсын “Fitch” агентлагийн үнэлж буйгаар сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн муу түвшиндээ хүрсэн гэв. Хэрвээ Монгол тусламж, зээл авч чадахгүй бол удахгүй гарах тахиа жилдээ хүндхэн байдалтай нүүр тулна гэдгийг эдийн засагчид сануулсаар байна.
Тус улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдээс авч буй хандиваар бондын өрийг төлөх бус тулгамдаж буй салбарт хандивлахаа илэрхийлсэн билээ. Тэрбээр ирэх гуравдугаар сард барагдуулах ёстой бондын өрийг төлөх шийдлийг олсон талаараа ард түмэндээ мэдэгдсэн юм. Иргэдээс авч буй хандивын талаар Ерөнхий сайд “Иргэдийн санаачлан хэрэгжүүлж буй ямар ч кампанит ажлыг Засгийн газар хориглож чадахгүй” хэмээн өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчтэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ.
“Уг хандивын мөнгөөр эрүүл мэнд, боловсрол, хорт утааг бууруулах цаашлаад дэд бүтцийг сайжруулахад зарцуулахаа илэрхийлэн, албаныханд үүрэг өгсөн” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ