Хүн “Хоёр амь” тай

img

 

Жаргал хүү осолд орж эмнэлэгт хүргэгдлээ гэсэн гэнэтийн мэдээг дуулаад Галаа эмнэлэг рүү яаран гүйнэ... Хүүг сэхэхгүй ч байж мэднэ гэх эмч нарын яриаг аав нь сонсохыг ч хүсэхгүй байв. Олон сар ухаангүй хэвтсэн хүүгийнхээ төлөө шантралгүй тэмцэх эцэг хүний сэтгэл. Галаа хүүгээ нэг л өдөр ухаан орно гэдэгт итгэсээр...Ерөөс киноны эл үзэгдлээс л эцэг хүн, эх хүн үр хүүхдийнхээ төлөө “хоёр амьтай” болдгийг харж болохоор. Энэ бол “Монгол Контент” ХХК, “Хамба” фильм студийн хамтын бүтээл “Хоёр амь” уран сайхны кино. Тус киноны нээлт хоёрдугаар сарын 3-ны өдөр IMAX кино театр болон “Хүннү синема”-д боллоо.

 

Энэхүү бүтээлд сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал, эцэг хүний үрээ гэсэн хайр, хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн түүний тэмцэл болоод буян нүглийн талаарх ойлголтыг харуулахыг зорьжээ.

 

"Орхидос", "Улаан дөрвөлжин" тэргүүтэй уран бүтээлүүдээр нь үзэгчдийн мэдэх найруулагч Б.Ганболд киноны ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тэрбээр кинонд буй бүхнийг л дүрсэлж чаддаг найруулагч. Энэ удаад ч тэрбээр чамбай ажиллаж, аль болох гоёчлох гэж биш  хүн чанар руу, агуулга руу ойртуулахыг зорьжээ.

 

Энэхүү бүтээлийн гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Гүндбилгүн болон Д.Пүрэвсүрэн, Д.Төмөрчөдөр, М.Энхжин зэрэг уран бүтээлч тоглосон байна.

 

Кино зохиолыг Х.Алтанхад бичсэн бол ерөнхий продюсераар Г.Гантуяа ажиллажээ.

 

“Хоёр амь”  уран сайхны кино хоёрдугаар сарын 3-ны өдрөөс бүх кино театруудаар гарч эхэллээ. Ингээд киноны нээлтийн үеийн фото зургуудыг сонирхуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ