Улаан загалмай нийгэмлэгийн зургаан ажилчныг хөнөөжээ

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн зургаан ажилтныг Афганистан улсад хөнөөсөн талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэднийг Жовжан мужид байхад нь үл таних этгээдүүд буудан хөнөөсөн байна. Засаг дарга “Уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл байх магадлалтай” хэмээн орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлжээ.
Улаан загалмай нийгэмлэг Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан элч нар нь амиа алдсан болохыг баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийллээ. Гэхдээ дээрх халдагаар хэн хэн амиа алдсан болох нь одоогоор тодорхойгүй байна. Тус нийгэмлэгийн захирал Доминик Стилларт “Ямар шалтгааны улмаас ажилчдыг минь хөнөөснийг сайн ойлгохгүй байна” гэж мэдэгджээ.
Улаан загалмай 2015 оноос эхлэн Жовжан мужид туслалцаа үзүүлэх болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ