Трамп Боловсролын сайдаа томилов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Боловсролын сайдаараа Бетси ДеВосыг томилсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
ДеВосыг сайдад томилох асуудлаар өчигдөр сенат олон цагийн турш хуралдаж, эцсийн мөчид санал хуваагджээ. Санал хуваагдсан учир Дэд ерөнхийлөгч Майк Пенс шийдвэрлэх санал өгч, тэрбээр ДеВосыг дэмжсэн байна. Түүхэндээ анх удаагаа Дэд ерөнхийлөгч сайдад нэр дэвшиж буй хүнийг томилоход шийдвэрлэх санал өгчээ.
Бетси ДеВосыг сайдаар томилохыг сөрөг хүчин Ардчилсан намынхан хүчтэй эсэргүүцэж, түүний төлөө ганц ч санал өгөөгүй байна. Мөн эрх баригч Бүгд Найрамдах намын хоёр гишүүн түүнийг дэмжихээс татгалзсанаар санал хуваагджээ.
Ардчилсан нам “Бетси ДеВос бол ямар ч мэдлэггүй. Тэрбээр боловсролын салбарт огт ажиллаж үзээгүй. Энэ хүндтэй албанд мэдлэг дутуу хүнийг томилсон нь алдаа боллоо” хэмээн мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ