Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэ удаа нийслэл болон аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газар,тусгай хамгаалалттай газрын захиргаад,Ойн сум дундын анги болон харьяа газруудын удирдлагаас бүрдсэн нийт 160 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байна. Зөвлөгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна. Зөвлөгөгөөнийг нээж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар танилцуулав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 26 зорилтот арга хэмжээний хүрээнд 70 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин өнөөдрийн байдлаар 30 гаруй асуудлыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлсэн байна. Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсанаас хойш тус салбарт олон үйл явдал өрнөж, салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжил дэвшилд багагүй ахиц дэвшил гарсныг салбарын сайд онцоллоо. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулав. Улмаар Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Байгаль хамгаалах санг Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчилснөөр “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас төсөл хөтөлбөрийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Ойрын хугацаанд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Казиногийн тухай” “Хог хаягдлын тухай” хуулиудыг батлуулах, Улаанбаатар хот болон томоохон зарим хот суурин газрын агаарын хөрс, усны бохирдлыг бууруулах ҮАБЗ-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай”, “Агаарын төлбөрийн тухай”, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. “Аялал жуулчлалын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, “Хурдан морины бооцоот уралдааны тухай” болон байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрдэмтдийн үгийг сонсч, бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн нь мөн онцлууштай ажил байв. Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу БОАЖЯ-ны дэргэд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг байгуулах Засгийн газрын шийдвэр гараад байна. НҮБ-ын ДАЖБ, түүний дэргэдэх Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөртэй хамтран “Нүүдэлчдийн замаар аялахуй” аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлын хүрээнд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” олон улсын бага хурлыг өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих зорилго бүхий Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан "Цайны замын олон улсын холбоо”-нд гишүүнээр элссэн, “Олон улсын тогтвортой аялал жуулчлал-Ядуурлыг бууруулах байгууллага”-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэн орсон зэрэг чухал ажлуудыг хийж хэрэгжүүлснээ салбарын сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Цаашид байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавьж, усны асуудал, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж хангалтгүй байгаа зэрэг олон асуудлаар салбарынхантайгаа нягт уялдаатай, илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ. Салбарын орон нутгийн харьяа байгууллагуудын 2016 оны гэрээний биелэлтэнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээс үзэхэд, 14 аймгууд гэрээнийхээ биелэлтийг 80 хувиас дээш хувиар биелүүлжээ.Гэрээний биелэлтээс үзэхэд, ихэнх аймгууд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг шуурхай унтраах, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, бэлчээрийн талхагдалыг бууруулах, гол, горхи, булаг шанд, рашааныг эхийг хамгаалах, хөв цөөрөм, усан сан байгуулах, ойжуулалт хийх, хог хаягдлыг ангилан ялгах, хур хог хаягдлыг булшлах зэрэга асуудлаар учир дутагдалтай ажиллаж байгаа аж. Мөн орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх, “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх, уул уурхайн элэгдэл, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээг хагас дутуу буюу огт биелүүлээгүй байгаа нийтлэг дутагдал, оршиж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлдээ онцоллоо. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь ба түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн биелэлт 40 орчим хувьтай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаарх БОАЖ-ын сайдын илтгэлд орсон хэсгээс хураангуйлан хүргэе.
Цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа байгалийн араншин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг орон нутагт бэхжүүлж, энэ чиглэлээрх тэргүүн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх загвар төслүүдийг хэрэгжүүлж, эрсдлийн менежментийг оновчтой төлөвлөн сайжруулж, нутгийн иргэдийн амьжиргааг баталгаатай болгох шаардлагатай юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай идэвхитэй хамтран ажиллах, хүлэмжийн хийг бууруулах, дасан цохицох чиглэлээр олон улсын шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан Японы хамтарсан кредит олгох механизм, Хятадын уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагад хүргүүлээд байна.
Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулыж тайланг Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.
Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм
Цөлжилт явагдаж байгаа аймаг, сум, баг бүхэн мод тарьж ургуулах арга хэмжээ тодорхой ойг нөхөн сэргээх ажилд өнцгой анхаарч ажиллах хэрэгтэй байнаа. Ойгоо хөгжүүлсэн, хамгаалсан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн улс орны иргэд аз жаргалтай байдаг. Модтой хашаа, модтой байгууллага бүхэн гоё харагдаж зөв энергитэй эрч хүчтэй амьдарч чадна.
Монгол улсын 2017 оны төсвийн алдагдал 2,4 ихнаяд төгрөг болж, зөвхөн ирэх 3 дугаар сард гэхэд л 580 сая амдолларын зээлийг өрийг төлөх ёстой болж эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байна. АЗДнарт хэлсэн Үүнтэй холбоотойгоор эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар үзэж байна. Бид энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үүднээс түүнд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг эрхлэх шаардлагатай байна. Байгальд ээлтэй экологийн ул мөр багатай үйл ажилагааг эрхлэн явуулах нь эргээд бизгесийн эрсдэлгүй, тогтвортой байдлын баталгаа болох төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба