Би эхнэртэйгээ болзоно

Хаа нэгтээ хэн нэгний аз жаргалтай инээмсэглэл их хотын ажин түжин байдлыг эвдэн хөг аялгуу нэмж, бөглөрөө, түгжрэл зэргийг хором мартагнуулах нь Валентины баярыг гэгээнээр зурж байна. Өнөөдөр олон улсын хайрын баяр тохиож хэн хүнгүй л амраг хайртыгаа баярлуулахаар сэтгэл догдлон буй энэ цаг дор ажил үйлсээрээ салбар бүртээ манлайлж буй залуус Гэгээн Валентины баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг болохыг сонирхуулж байна.
Эхнэртээ тайзан дээрээс баяр хүргэнэ
-Миний хувьд Валентины баяраар ихэнхдээ тоглолттой байж таардаг. Энэ жил ч мөн хоёрдугаар сарын 14-нд манай продакшны уран бүтээлчид хөдөө орон нутгаар тоглолттой байж таарлаа. Энэ өдөр бид Дархан хотод тоглоно. Тоглолтын үеэр хайрт эхнэртээ тайзан дээрээс баяр хүргэнэ. Монголын бүх сайхан дурлалт хосууддаа гал халуун хайрын баярын мэндийг дэвшүүлж байна. Сайхан баярлаарай
Хостой байж үзээгүй болохоор тэмдэглэж байгаагүй
-Би өнгөрсөн хугацаанд хоёрдугаар сарын 14-нд ерөөс хостой байж үзээгүй. Тийм болохоор энэ баярыг тэмдэглэж байгаагүй. Гэхдээ энэ сайхан баярын өдөр дурлалт хосуудын аз жаргалтай мөчийг хуваалцаж, өөрийн дуу хоолойгоор ая дуугаа өргөдөг. Өөрөөсөө илүүтэй олон хүнийг баярлуулж тэр сайхан хайр дурлалынх нь нэгээхэн хэсэг дурсамж болж үлдэж байгаа нь маш гайхалтай санагддаг. Энэ жил ч мөн дурлалт хосуудын баярыг дуу хуураар хөглөнө дөө.
Эхнэр бүжиглэнэ гэх нь үү, дуулна гэх нь үү
-Нэг жил би энэ баяраар шоколад өгдөг гэдгийг нь мэдэхгүй цэцэг бариад орж билээ. Тэгсэн эхнэр маань надад зүрхэн хэлбэртэй шоколад өглөө. Тэгсэн би “Бас ийм юм өгдөг юм болсон юм уу” гэсэн эхнэр маань “Зүрхэн хэлбэртэй шоколад өгдөг байхгүй юу. Миний хайр яаж мэдхэв дээ” гээд бөөн инээдэм болж билээ. Ер нь хайрын баяраар тоглолтгүй байвал ерөнхийдөө эхнэртэйгээ л гадуур зугаалж өнгөрүүлдэг дээ. Энэ жилийн хувьд ч их энгийн. Эхнэртэйгээ кино үзнэ, ресторанд орж ханьтайгаа хоол иднэ. Эхнэр дуулна гэх нь үү, бүжиглэнэ гэх нь үү. Түүнийхээ хүслээр л баярлаж өнгөрүүлнэ дээ. Гадуур харин хосууд “Приусны босс” уран сайхны киног үзэж “Приус” машин хожно гэсэн яриа сонсогдож байна лээ шүү. /инээв.сур/.
Валентины баярыг тэмдэглэдэггүй
-Би ганц бие болохоор Валентины баярыг тэмдэглэдэггүй юм. Заримдаа валентины баяраар тоглолттой байж таардаг. Тийм учраас бусдын баярыг л хуваалцдаг юм байна даа. Монголын бүх сайхан хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Валентины баярыг огт тэмдэглэдэггүй
-Би Хөвсгөл нутгийн хүү. Багадаа энэ баярын талаар мэддэггүй байлаа. Оюутан болоод хотод орж ирээд ч энэ баярт ач холбогдол өгөөгүй. Одоо ч гэсэн манай гэр бүлийнхэн энэ баярыг огт тэмдэглэдэггүй юм. Тийм учраас энэ баяртай холбоотой санаанаас гарамгүй дурсамж үлдээгүй юм байна. Тэгээд Монголын бүх сайхан дурлалт хосууддаа сайн сайхныг хүсье даа.
Валентинаар Солонгосын охидууд нь найз залуудаа бэлэг авч өгдөг
-Хоёрдугаар сарын 14 хосгүй хүмүүсийн хувьд ямар өдөр билээ дээ. Тийм нэг сонин юм бодогдуулсан өдөрдөө. Ер нь ганц бие хүмүүс илүү ойлгох байх /инээв.сур/. Солонгосчууд энэ өдрийг их хөөрхөн содон тэмдэглэдэг. Валентины өдөр ерөнхийдөө охидууд нь найз залуудаа бэлэг авч өгдөг. Гэхдээ гуравдугаар сарын 14-нд эсрэгээрээ залуучууд нь найз охиндоо бэлэг авч өгдөг нэг тийм бичигдээгүй хуультай. Эндхийн ард түмэн гуравдугаар сарын 14-ийг чихэрний баяр ч гэдэг. Ер нь тэгээд хоёрдугаар сарын 14 болон гуравдугаар сарын 14-нд Солонгост заавал хосууд гэлтгүй бас таалагддаг хүндээ бэлэг авч өгдөг өдрүүд гэж хэлж болно. Маргааш хэн нэгэн надад бэлэг өгөх болов уу гээд хараад л байж байна шүү. /инээв.сур/
Гэргийгээ хамгийн түрүүнд баярлуулна
-Миний хувьд Валентины баярын энэ өдөр мэдээж хэрэг энэ ертөнц дээр аж төрж байгаа эмэгтэйчүүдээс хамгаас эрхэмлэн хайрладаг гэргийдээ, хайраа илэрхийлж бэлэг барина. Монголын бүх сайхан хосуудад гал халуун хайр дурлал, аз жаргалыг өөрийн зүгээс хүсэж байна.
Эхнэртэйгээ болзож, зоог барина
-Би өнөөдөр эхнэртэйгээ болзоонд явна. Өдрийн зоог барина. Үргэлжлүүлээд кино үзнэ дээ. Тэгээд дараа нь харин хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь аваад л гэртээ харина гэсэн бодолтой байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ