
УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Намын дарга тань Хамтарсан Засгийн газраас гарах мэдэгдэл хийлээ. Хамтарсан Засгийн газрыг шүүмжлэгч гишүүдийн нэгийн хувьд энэхүү мэдэгдлийн тухай ямар байр суурьтай байна?
-Би анхнаасаа ялсан, ялагдсан хоёр нийлж Засагт орж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Одоо ч хэвээрээ байна. Ардчилсан нийгмийн гол амин сүнс нь сонгууль. Нэг нь ялж нэг нь ялагддагт байдаг. Олонхи нь үүргээ хүлээгээд, цөөнх нь хянадаг систем рүү бид 20 жилийн өмнө орсон. Эцэг хуулийнхаа зарчмыг зөрчөөд Хамтарсан засгийн газар байгуулж, гурван жил хамтран ажиллахад бүтсэн, бүтээгүй олон зүйл. Бүтээгүй нь давамгайлж байгаа учраас АН-ын дарга Н.Алтанхуяг Засгаас гарах тухай мэдээлэл хийсэн нь зөв алхам. Хэлбэржүүлэх асуудал нь одоо ҮЗХ-оор хэлэлцэгдэнэ. ҮЗХ-ны хорооны гишүүд санал нэг байгаа байх. Намын даргын мэдэгдлийг дэмжиж байна.
-Цаг нь болоогүй байхад хариуцлагаас мултрах гээд гараад явчихлаа. Ханилж яваад нөхрөө ч гэх үгийг хамтарч Засагт орох урилга өгсөн хүмүүс хэлж байсан?
-МАН-ынхан тийм байдлаар ярих нь ёс зүйгүй хэрэг. Ханилж яваад нөхрөө гэдэг бол хувь хүний хоорондын харилцаанд байж болох хэллэг. Төрийн ажил бол тооцож хэмжиж болдог хэмжигдэхүүнүүдтэй. Хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа намууд долоон хуудас гэрээ байгуулсан. Бүлгийн хурлаас долоон хуудас гэрээгээ дүгнэх ажлын хэсэг байгуулаад би ахалж ажиллахаар болсон. Зургаан сарын өмнө манай намын бүлгээс хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг 30 гаруй хувьтай байна гэж дүгнэсэн. Харин одоо өнгөрсөн зургаан сарынхыг тооцож дахин гаргана. Цаасан дээр бичигдсэн зүйлийг биелсэн эсэхийг тооцох механик ажил байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн улс төр байхгүй гэсэн үг. Намын даргын хийсэн мэдэгдэл Хамтарсан Засгийн газарт цаашид явах боломжгүй боллоо гэдгээ илэрхийлсэн улс төрийн шийдвэр.
-Н.Алтанхуяг дарга хэлэхдээ АН хамтарсан Засгийн газарт хийх ёстой ажлаа хийсэн болохоор гарч байна гэсэн. Харин та арай өөр тайлбар хэлээд байх шиг байх юм?
-Маш их шийдвэр гаргасан ч мөнгийг нь шийдэж өгөх талаас нь сүүлийн хэдэн жил огт ажилласангүй. Төмөр зам хаагуур яаж барихыг нь тодорхойлж, мөнгө зээлэх зөвшөөрлийг нь өгсөн. 100 мянган айлын орон сууцын хэдийг нь хот хөдөөд барихыг нь шийдсэн. Гэсэн ч энэ Засаг мөнгө шийдэх талд ажиллахгүй юм байна гэдгийг хэдэн жилийн өмнөөс ойлгосон. Уг нь ард түмэндээ амласан ёсоор орон сууц баригдаад, түүнийгээ дагаад утаа ч багасах ёстой. Тэр ажил нь хэрэгжихгүй байна. Хэрэв бүтэж байгаа бол Засгаас заавал гараад байх шаардлага байхгүй. Тэгэхдээ хамтарснаараа бүх зүйл муу болсон гэдэгтэй санал нэгдэхгүй. Ядаж сонгуулийн санал тоолдог машинтай боллоо. Эрдэнийн хувь шийдэгдэж хоёрдугаар сарын 1-нээс өмнө бүх иргэд хувьцаагаа авах гэж байна. Байгалийн баялаг олигархиудын ажил биш болсон. Улсын төсвөөс байгалийн баялагаас орж ирж байгаа орлогыг тусгаарлаж Хөгжлийн банк байгуулсан. Энэ бүхэн өнөөх 30 гаруй хувьтай гэсэн тоонд мэдээж орж байгаа. Түүнээс биш МАН-ын даргын ярьж байгаа шиг 82 хувьтай байсан бол Засагтайгаа хамт л явна шүү дээ. Тийм сайхан зүйл байхгүй, дээрээс нь одоогийн байгаа Засгийн газар АН-ын сайд нарын бодож хэрэгжүүлэх гэсэн ажлыг хэрэгжүүлэхгүй байх.
-Таны ярьж байгаа тань АН хариуцлагаас мултрах гэсэн арга гэж байгаа МАН-ын гишүүдийн үгтэй адилхан сонсогдоод эхэллээ?
-Хариуцлагыг 2008 онд монголын ард түмэн МАН-д үүрүүлчихсэн. Тухайлбал, 46 хүнийг нь сонгосон. Манай намын мөрийн хөтөлбөр байгалийн баялгийн орлогыг ард түмэндээ өгөх. Өмнө нь байгалийн баялгийн орлого хэдхэн том компанийн өмч байсныг өөрчилж чадсан. Бид сөрөг хүчин байх ёстой. Одоо тэр байрандаа л очиж байна. 2008 онд монголын ард түмэн АН-д хянаж бай л гэсэн эрх мэдэл өгсөн болохоос засаглаад бай гэж хэлээгүй.
-Тэгэхээр хамтарч хийсэн ажлуулаа одоо буцаагаад шүүмжлэх болж байна уу?
-Хамтарч байх хугацаандаа хийсэн ажлуудад шүүмжлэх зүйл байвал мэдээж шүүмжлэнэ. Болж бүтсэнийг нь мөн хэлнэ. Хамтарснаараа бүх зүйл сайн эсвэл муу гэсэн хоёр туйл байхгүй. Долоон хуудастай ажил төлөвлөсөн. Ер нь бол ард түмэн ардын намд Засгийн газрыг авч явах, бидэнд хянах үүрэг гүйцэтгэсэн. Тэгсэн ч бид адилхан засагласан. Харин одоо тэр алдаагаа засахын тулд ийм шийдвэр гаргаж байна.
- Хамтарсан учраас томоохон ажлууд нь хийгдээгүй болж таарах нь ээ?
-Засгийн газарт манай намын сайд нар байгаа учраас 100 мянган айлын орон сууж баригдахгүй юм байна. АН-ын сайдуудыг гарахаар ажил нь урагшаа яваасай гэж тэд хүсч байна. 100 мянган айлын орон сууц баригдчих юм бол оноо нь Х.Баттулгад тавигдах гээд байна шүү дээ. Тэгэхээр Х.Баттулгыг татаж явахгүй байгаа ажлын гацааг арилгаж 100 мянган айлын орон сууц бариулъя л даа. Өнөөдрийг хүртэл төмөр зам тавигдах байх. Орон сууц баригдана. Тавантолгой шийдэгдэж орлого нь ороод ирэх байх гэж найдаж байлаа. Бүтэхгүй юм байна гэдгийг сая ойлголоо.
-Н.Алтанхуяг даргын хийсэн мэдэгдлийг ҮЗХ-ны гишүүд яаж хүлээж авах бол дэмжих болов уу?
-Олонх нь дэмжих байх гэж харж байгаа. Сайд нар ч гэсэн болсон болоогүй зүйлээ ярих байх. Гурван жилийн өмнө өчнөөн их зүйл амласны биелсэн биелээгүй нь маш амархан гарч ирнэ.
-Үүнээс гадна төрийг ингэж үймүүлж болохгүй. Дараагийн сайд нар томилогдсон ч ажил хийх хугацаа давчуу хэмээж байгаа хүмүүсийн тухайд юу гэж бодож байна?
-Угаасаа л бид дөрвөн жилээр сонгогддог. Дорж гэдэг сайдыг Дондогоор солилоо гээд ямар ч хохирол байхгүй. Дорж нь Доржоороо байгаад дээрдэх зүйл байхгүй болохоор засгаас гарч байна. Харагдаж байгаа бол гарч болно.
-Ардчилсан засаглал байгуулах ёстой гэдэг үгэнд МАН-ын дарга их харамсаад байна гэж байна лээ?
- Эдийн засаг бүх зүйл бодлогоос хамаараад байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн чуулганд “ Монгол Улс байгалийн баялгаар дэлхийн улс орнуудаас аравт орсон байдаг. Гэтэл хүн амынхаа амьдралаар 100-гаас хойш байна” гэж хэлсэн. Асуудал юунд байна гэхээр ардын намтай санал нийлэхгүй зүйлүүд их. Ардын нам одоо байгаа нөхцөл байдлаа болж байна. Цөөхөн хэдэн хэн баяжих нь зөв гэж үзээд байх шиг. Харин манай нам ингэж болохгүй хэмээн өөр бодлого явуулж байна. Хамтарсны хүчинд манай намын энэхүү бодлогыг МАН-ынхан зөвшөөрсөн. Улаанбаатарын утаа, зам дэд бүтцийг мөнгөгүйгээр шийдэж чадахгүй. Тиймээс нүүрсэд татвар тавъя гэхэд тэд үгүй гэлээ. Нүүрсний компаниуд нь баян байж байг. Хотын утааг арилагахад тэднээс татвар авч яах гэсэн юм гэсэн бодлого МАН-д байгаа. Энэ мэтээр санал нийлэхгүй зүйлүүд байна. Иймэрхүү ажлуудаа хийж чадахгүй дөрвөн жил боллоо. Одоо больё доо гэж байгаа юм.Үнэндээ ардын нам наана хамтарч ажиллаж байгаа хэр нь санхүүгийн асуудалд тоормоз татдаг. 100 мянган айлын орон сууц баригдсан бол хотын утаа бага ч болов багасна. Түүнийг барихгүй байх нөхцөл байгаагүй шүүдээ. Бүх л зүйл нь шийдэгдсэн байсан.
- Аравдугаар сард ҮЗХ-ны хурал хуралдах үед энэ асуудлыг гаргаж тавихгүй яасан юм бол?
-Одоо болох ҮЗХ-ны хурал дээр ч ярихад бэлэн л байна. Гэхдээ энэ ганц З.Энхболдын бодол биш. АН-ын бүлгийн 27 гишүүний шийдвэр болоод гарсан.
-Үхрийн сүүлэн дээр хутга болж байгаа мэт харагдаж байна. Эхэлсэн ажлаа дуусгах боломж байхгүй юу?
-Дуусгах боломж өгөхгүй байна.
-Танай намыг Хамтарсан засгаас гарахад ардын намынхан их л харамсаад байна л даа. Үнэхээр харамсаад байгаа юм болов уу. Танд юу гэж ажиглагдаж байна?
-Матрын нулимс гэдэгтэй адил харагдаад байгаа юм. Матрын нулимсыг мэднэ биз дээ. Наанаа нулимс гаргаад, цаанаа АН-ынхан зайлаад өгөөсэй. Бид бүх сайд нараа аваад “алаад өгье” гэж байгаа хүмүүс шүү дээ. Ард түмэн тэдэнд эрхийг нь өгсөн шүү дээ. Тэгээд л яваг.
- АН засгаас гарч Сү.Батболдын Засгийн газрыг унагах гэж байна гэсэн хардалж байгаа юм. Танай намынханд үнэхээр тийм бодол байна уу?
- Буруу зүйл хийх юм бол огцорно. Хамтарснаараа УИХ Засгийн газрыг хянах ажил суларсан. Суларсан хяналтаар далимдуулж шатахууны үнэ нэмж ард түмнээ шулж байга шиг зүйл хэд тохиолдохыг мэдэхгүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлнэ. Түүнээс биш сонгууль дөхөж байна. шүүмжлээд өгье дөө. Хамтрахаараа болъё доо гэдэг командыг би мэдэхгүй. АН хамтарсан хамтраагүй болохгүй байгааг нь хэлж байсан. Д.Зоригт гэж бүтэхгүй нөхөр ТЭЦ 5-ын шийдвэрийг гаргаагүй л байна. Шинээр станц барихгүй, нефть боловсруулах үйлдвэр барихгүй үргэлж шатахууны үнэ шиг дарамтанд амьдарна гэсэн үг. Харин хоёр намын хоорондын байгуулсан гэрээнд хийх ажил тусгасан.
-ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал яригдах уу?
-Даргын асуудлыг намын их хурлаар ярина. Намын дүрмээ барьж ажиллана. Одоо бол засгийн тухай ярина.
-Н.Алтанхуяг даргын засгаас гарах мэдэгдлээрээ өөртөө шууд хамгаалалт хийсэн гэж үзэх хүмүүс байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Засгийн ажил явахгүй байгаа нь олон жилийн өмнө мэдэгдсэн. Гадаад байдал маш сайн байлаа. Өөрөөр хэлбэл, мөнгө асуудалгүй болсон байхад хуримтлагдсан олон зүйлээ шийдчихгүй яав гэж харамсч байна. Ардын намынхан биднийг цэвэр улс төрийн өрсөлдөгчийн нүдээр харарад байна. Х.Баттулга нэг газар тууз хайчилчих юм бол АН-ын ажил болчих гээд байгаа учраас монголчуудыг орон сууцгүй дээрээс нь утаатай байлгая гэж шийдээд байна. Тийм хандлага байгаа болохоос бид болъя. Та нар Х.Баттулга биш сайдаараа орон сууцаа бариул гэж хэлж байгаа юм.
-Танай намынхан хэт хардаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?
- Тэгвэл Засгийн газрын шийдсэн мөнгө нь хаана байна. Хамгийн эхний шийдвэр 2009 оны сүүлээр гарсан. Энэ их бүтээн байгуулалтыг зөвхөн төсвөөр хийх боломжгүй учраас Хөгжлийн банкийг нь байгуулж өглөө. Хөгжлийн банкинд тэрбум тэрбумаар доллар орно. Манай улс олон жилийн турш хөрөнгө оруулалт хийж чадаагүй салбар олон. Зам, цахилгаан станц, хот байгуулалт, эмнэлэг сургууль зэргийг биелүүлж болох боломж анх удаа энэ дөрвөн жилд гарлаа. Гэсэн АН-ынхан илүү оноо авчих гээд байгаа шиг ойлгоод суучихсан хүмүүс байхгүй юу. Тиймээс тэр саадыг нь арилгая л даа. Өөрсдөө хариуцлагаа хүлээгээд ажлаа хийгээд явна биз.
- Хамтарсан засгаас гарах тухай шийдвэрийг танай нам гаргасан. Гэтэл саад болоод байгаа бол гээд нэг л хөөгдчихсөн юм шиг зүйл яриад байх юм. Саад болж байна гэдэг үгийг танай намд МАН-аас хэлсэн юм уу. Энэ тухай ярисан зүйл байгаа юу?
-Үүнийг Х.Баттулгаас асуусан нь илүү оновчтой байх. “Газар хөлдсөн үү Х.Баттулга аа” гэж асуугаад хөлдсөн гэвэл мөнгөө ав гэж байна шүү дээ. Гэтэл газар хөлдсөн байхад салбарын ажил нь яаж урагш явах билээ.
-Намын даргын асуудлыг ярибал та ямар өнцгөөс хандах бол?
-Бид дүрмэндээ сонгуулийн өмнө намын их хурал хийх үүрэгтэй. Гишүүд ярилцаад намын даргын сонгууль явуулна гэвэл мэдээж би өрсөлдөнө. Хэнийг нь сонгохыг сонгож байгаа хүмүүс нь мэдэх байх.Зөвхөн би ч биш дарга болчих юмсан гэж бодож байгаа олон хүн байгаа. Авьяас чадвар нь мэднэ. Хамгийн гол нь нөхцөл байдлаа сайн ярих ёстой. Сонгуульд ялах ёстой.Ялахын тулд яах ёстой вэ гэдгээ шийдвэрлэх нь чухал. Харин Н.Алтанхуяг эсвэл З.Энхболд дарга байх нь дараагийн ажил.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Н.Алтанхуяг даргын хийсэн хамгийн том алдаа гэвэл та юу хэлэх вэ?
-Эдийн засаг сайн байгаад мөнгө төгрөгтэй болж байна. Одоо л улс орноо хөгжүүлье гэсэн зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Харин энэ бүх зорилго харамсалтай нь биелсэнгүй. Байшин боссонгүй, утаа хэвээрээ байна. Ийм сайхан боломжийг яагаад ашигласангүй вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
- АН үзэл бодолдоо хатуу зогсох гэж байгаа учраас ийм шийдвэр гаргаж байгаа талаар намын удирдлагууд хэлсэн. Үүнээс үзэхэд танай нам Хамтарсан засагт орсноор үзэл баримтлалаа бүдгэрүүлсэн юм аа даа?
-Улс орныг хөгжүүлэхийн төлөө өөрийн үзэл бодлоосоо татгалзах үе гарах л байх л даа. Тэглээ гээд бүтэхгүй байна шүү дээ. Улс болгоны хөгжлийн тодорхой үед таарсан бодлого байхаас биш гарцаагүй баруун, зүүн гэдэг нь 1800 онтойгоо хамт алга болсон байгаа. Өнөөдөр АНУ-д АН нь засгийн эрх барьж байгаа ч илүү халамжийн бодлого бариад байна. Манайд бол бүр дампуу зүйл болж байна. сонгуулийн жил ойртсон гээд популист амлалтууд ихэссэн. Эхчүүдэд одонгийн мөнгө өгье гээд хуулийн төсөл санаачилсан байна. Хэрэв АН тэгж бодсон бол төсөв хэлэлцэж байх оруулах ёстой байсан. Төсөвт суулгая гэхэд нь С.Баярцогт үгүй гэж хэлээгүй юм билээ. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Бүх зүйл төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Төсөвт оруулсан байсан бол бид дэмжинэ. Сонгуулийн шинэ хуульд дайллага цайллага хийхийг хориглосон ч МАН-ынхан эхчүүдэд мөнгө өгөх замаар саналыг худалдаж авах гээд байна.Нэг ёсондоо хуулиар зохицуулах гэсэн ёс зүйгүй араншин гаргаж байна.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ