Пхеньян: Гүнээ харамсч байна

Малайзын цагдаагийнхан Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан гурван сэжигтэнг баривчилжээ. Энэ талаар “ВВС”, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын гэнэтийн үхэл олныг гайхшруулсан юм. Ямар шалтгааны улмаас Ким Чен Намыг хордуулав, түүний үхэл хэнд ашигтай байсан вэ? гэх асуултууд иргэдийг талцуулж байна. Ямартай ч Ким Чен Намын үхлийг түүний дүү болох Ким Чен Ун захиалсан гэх баталгаагүй мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас болж Хойд Солонгосын нэр хүнд огцом унасан нь тодорхой. Хойд Солонгос цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх болсноор олон улсаас зайгаа барьсан, мөн АНУ-тай байнга сөргөөцөлдөж, хөршүүдтэйгээ таагүй харилцаатай байдаг учир тус улс мөнхийн сэрэмжтэй байдаг. “Сэрэмж алдвал харийн дайсны эрхшээлд орно” хэмээн нэгэн цагт тус улсын удирдагч асан Ким Чен Ир мэдэгдсэн удаатай.
Ким Чен Намыг хордуулж, санаатай амь насыг нь хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Малайзын цагдаагийнхан хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг баривчилсан талаараа хэвлэлийнхэнд мэдэгдэв. Баригдсан сэжигтнүүдийн нэгийнх нь төрх илчлэгдээд байгаа юм. Эмэгтэй цагаан өнгийн цамц өмссөн байсан бөгөөд Ким Чен Намыг Куала Лампурын нисэх буудалд орж ирсэн цагаас дагаж байсныг тогтоожээ.
Ким Чен Нам хүн багатай газар ганцаараа байхад нь гадаад төрх нь илчлэгдээд буй цагаан цамцтай эмэгтэй ойртон, тусгай шингэн асгасан алчуураар түүнийг амыг тагласан болохыг гэрчүүд батлаад байна. Энэ үеэр түүнтэй хамт явж байсан хоёр дахь сэжигтэн түүнийг тусгайлан хордуулсан зүүгээр хатгасан гэх таамгийг цагдаагийнхан өгөв. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гурван сэжигтэнг баривчилсан бөгөөд өчигдөр тэднийг аль улсын иргэн, хувийн мэдээллийг нь нийтэд задруулжээ. Гадаад төрх нь илчлэгдээд буй эхний сэжигтэн Индонез улсын иргэн бөгөөд нэрийг нь Сити Айших гэдэг байна. Тэрбээр 25 настай аж. Харин түүний хамсаатан болох хоёр дахь сэжигтэнг Доан Ти Хуан гэдэг байна. Тэрбээр Вьетнам улсын иргэн гэнэ. Гуравдахь сэжигтэн Вьетнам улсын иргэн Доан Ти Хуаны найз залуу аж.
Ким Чен Намыг хөнөөсөн этгээдүүдийг Хойд Солонгосын тусгай тагнуулууд байсан гэх мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжууд өгч байсан. Сонирхолтой нь цагдаагийнханд баригдаад буй сэжигтнүүд Хойд Солонгосын иргэд биш байгаа нь олныг гайхшрууллаа.
Сэжигтнүүдийн хувийн мэдээлэл ил болсны дараахан Хойд Солонгосын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг “Ким Чен Намын үхэлтэй Пхеньян холбоогүй болно. Бид түүний үхэлд гүнээ харамсч байна” гэж мэдээллээ. Ким Чен Нам үнэхээр гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор Малайзын албаныхан задлан шинжилгээ хийхээр болсон юм. Харин Хойд Солонгосын Гадаад хэргийн яам түүний цогцост задлан шинжилгээ хийхийг хориглож, удирдагчийн ахын цогцсыг Пхеньянд эргүүлэн өгөхийг шаардаж буй юм. Малайзын албаныхан “хуулийн дагуу цогцост задлан шинжилгээ хийж, бүх ажлаа дууссаны дараа Ким Чен Намын цогцсыг Пхеньянд хүлээлгэн өгөх болно” хэмээн мэдэгджээ. Ким Чен Намын үхэлтэй Индонез, Вьетнамын иргэнийг баривчилсан явдалтай холбогдуулан хоёр улсын Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Нэг хэсэг Хойд Солонгосын дараагийн удирдагчаар нэрлэгдэж байсан Ким Чен Нам үхлээ урьдчилан таамагладаг байсан талаар нэгэн гэрч өгүүлэв. Тэрээр өнгөрсөн онд дүү Ким Чен Унаас амь хэлтрүүлэхийг хэдэнтээ гуйж, өөрийг нь тайван орхихыг хүсч байжээ.
Ким Чен Нам мөн хүү, охиныг нь тайван орхихыг хүссэн байна. Тэд хаана байгаа нь өнөөг хүртэл нууц хэвээр байна. Ким Чен Намын ууган хүү 22 настай Ким Хан Сол Макаод амьдардаг гэнэ. Түүний гэрэл зургууд интернэтэд олонтой байдаг учир тэрбээр аюулгүй байдлын улмаас үргэлж нуугдаж амьдардаг аж. Харин түүний охин болох Ким Сол Хи ээж И Хэ Ений хамтаар Францад амьдардаг гэх мэдээллийг өмнөдийн тагнуулынхан өглөө.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ