Д.Чойжамц: Ард түмэндээ эд таваар элбэг дэлбэг байхын ерөөл дэвшүүлье

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх “Гал тахиа” жил гарахад хэдхэн хоног үлдээд байна. Сар шинийг угтан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц цагаан сарын утга учир болоод бэлгэдлийн талаар айлтгал өргөв. Мөн тэрбээр Монголын нийт ард түмэн сүсэгтэн олондоо зориулж, мэндчилгээ дэвшүүллээ.
Цагаан сараар зарим орон шинэ жилийнхээ эхийг тэмдэглэдэг бол монголчууд хуучин жилийнхээ сүүлчийн өдөр, шинэ жилийнхээ эхний өдрийг хамгийн их баяр баясгалантайгаар тэмдэглэдэг. Азийн ард түмэн тэр дундаа монголчууд аливаа нэг зүйлийг төгс төгөлдөр бүтээх эртний мэргэдийнхээ сургаалийг дагадаг. Тиймээс өнгөрсөн оны 365 хоног сайн сайхан болоод хамгийн сүүлийн өдрийг сайн сайхнаар төгсгөж байгаа бэлгэдэлтэй. Битүүний өдөр гурван зүйлийг хичээдэг.
- Биеэ хичээнэ. Айлд орохдоо дээл хувцсаа өмсөж, малгайгаа зөв түвшин тавих ёстой.
- Хэлээрээ бэлгэдлийн утгатай үгийг хэлэх ёстой.
- Бие, хэлийн ард сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын арвин цэвэр байдлаар хуучин оноо үддэг.
Дорно дахин болоод Монголын ард түмэн таван зүйлээр зочноо дайлдаг сайхан уламжлал байсан. Бурхан шүтээнээ дэлгэж, өөрсдийгөө болоод гэр орноо цэвэр цэмбэгэр байлгах нь зочны нүдэнд өргөж буй өргөл. Нүдээр харж байгаа зүйл эвсэг сайхан байвал хүний сэтгэл уужирдаг. Хоёрдугаарт нь хамгийн их мэдээлэл авдаг чихэнд сонсголонтой сайхан дуу өргөж, бэлгэ дэмбэрэлийн утгатай үгээ хэлэлцэнэ. Ингэхээр хүний сэтгэл бүлээширч, эв нэгдэл явагдаж байдаг. Дараа нь аманд нь сайхан амт өргөдөг. Амьтны амь ороогүй цагаан зүйлээсээ эхэлж, дайлж цайлна. Бурхан шүтээндээ өргөсөн зул хүжний сайхан үнэрт сэтгэл баясах учиртай. Мөн хөөрөг зөрүүлэх, хадаг өргөх нь хүртэхүйд нь өргөж буй өргөл. Ингээд таван мэдрэхүйд нь сайхан зүйл өргөж, зочноо хүндэтгэж дайлдаг ёс бий.
Монголын ард түмний бэлгэдэлтэй сайхан баярын өдрүүд ирж байна. Ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөл дэвшүүлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ