С.Батболд: Бид хүнд суртлыг арилгаж, ил тодыг эрхэмлэнэ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж буй гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэв.
Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдын яам, гадаадын байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид нийлсэн 800 гаруй хүн оролцож байна.
Уулзалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэлэв. Тэрбээр “нийслэлийн төр захиргааны байгууллагад байгаа боломжийг бизнес эрхлэгчидтэй хамтран ашиглаж, нийслэлийн хотынхоо хөгжлийг түргэтгэх зорилгоор Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн 60 гаруй хувь нь. Улаанбаатар хотод асуудлыг хэрхэн шийднэ Монгол Улсын хэмжээнд асуудлыг тэгж шийднэ. Тиймээс энэ уулзалтаас миний бие томоохон үр дүн хүлээж байна.
Улаанбаатар хотын засаг захиргааны зүгээс бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг олгохоор шийдээд буй. Бид хүнд суртлыг арилгана. Бид нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэнэ. Энэ бол өнөөдрийн бидний ярих гол сэдэв. Нөгөө талаар бизнес эрхлэгчид маань хариуцлагатай байж, хотын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх боломжийг ярилцана” гэв.
Бизнес уулзалт илтгэлээр үргэлжилж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ