Э.Ганболор: Хүн ганцаараа байхдаа өөрийгөө олдог

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор “Ганцаараа байхдаа” нэртэй анхны бие даасан цомгийн баяраа хийлээ. Цомгийн баярын үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Анхны бие даасан цомгийн онцлог юу вэ?
-Манай хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хамтлагийнхаа ойн жил өөрийн бие даасан анхны цомгоо гаргалаа. Ийм давхцал болсонд маш их баяртай байна. Энэ цомогт миний бие даасан уран бүтээлүүд багтсан гэдгээр онцлогтой. Мөн нэг онцлог нь СD-нээс гадна орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, монголын анхны USB Drive хэлбэрээр гарснаараа онцлогтой.
-Цомогт орсон уран бүтээлээр болон цомгийн нэрний тухайд сонирхуулахгүй юу?
-Уран бүтээлч хүний ажил, хувийн амьдрал өөрийнх нь дотоод ертөнцтэй маш их холбоотой байдаг гэж би боддог. Цомог гаргах санаа төрсөн цаг мөчид хамтлагийнхан маань бүл нэмээд маш гоё үе тохиож байна. Энэ хугацаанд би өөртэйгээ нэлээд ажилласан. Телевизийн салбарт ч ажиллаж үзлээ. Өнгөрсөн жил гаруй хугацаанд өөрийгөө илэрхийлэх гэсэн оролдлого хийв үү гэж бодож байна. Тэр утгаараа “Ганцаараа байхдаа” гэдэг нэр өгсөн. Харин цомогт орсон дуугаар хүн ганцаараа байхдаа өөрийгөө олж чаддаг юм байна гэдгийг тодорхой хэмжээгээр илэрхийлсэн.
-Энэ цомгийг ганцаардсан хүмүүс сонсвол илүү гүнзгий сэтгэгдэл төрөх болов уу?
-Ганцаардах, ганцаараа байх хоёр тусдаа ойлголт. Ганцаардана гэдэг бол илүү уйтгартай. Харин ганцаараа байна гэдэг бол аз жаргалтай, уйтгар гунигтайгаар ямар ч үед ганцаараа байхыг хэлнэ. Тийм болохоор миний цомогт эмэгтэй хүний нэг жаахан уйтгартай ганцаардал, хайраа олж байгаа ч ганцаардлын тухай уран бүтээл бий. Тэгэхээр хэн бүхэн сонсож болно шүү дээ. Цомогт нийт 9 дуу багтсан. Тухайлбал “Гурван үг”, “Мөр”, “Минийх”, “Зүүдэн”, “Улаанбаатарын үдэш”, “Хайрыг уучил” зэрэг дуу багтсан.
-Таны цомогт өөрийгөө эвдсэн тийм бүтээл байгаа юу?
-Хамтлагаас их л өөр болсон гэж уран бүтээлч нөхөд хэлсэн. Манай хамтлагийнхан илүү зоригтой, бадрангуй уран бүтээл гаргахыг хүсдэг. Харин энэ цомогт илүү зөөлөн, романтик тал руугаа уран бүтээлүүд болжээ гэж хөгжим судлаачид хэлж байна.
-Энэ цомогт хөгжмийн зохиолч Чинбат хамтран ажиллав уу?
-Хамтлаг маань хорин жилийн турш Чинбаттай нягт холбоотой байсаар ирсэн. Энэ удаад Чинбатаас өөр хүмүүстэй ажиллаж, өөрийн гэсэн хэв маягийг олонд таниулахыг хүссэн учраас хөгжмийн зохиолч Оки, “Нэгүн” студи, А Sound хамтлагтай хамтран ажилласан. Энэ удаад Чинбат маань зөвлөхөөр ажиллалаа.
-Ганцаараа цомог гаргалаа. Танай хамтлагийн бүсгүйчүүд цаашид тус тусдаа уран бүтээл хийх гэж байна уу?
-Биднийг хүмүүс хамтаар минь төсөөлдөг хэдий ч бид тус тусдаа хувь хүн. Өөрийн гэсэн өвөрмөц өнгөтэй төрхтэй хүмүүс. Тиймээс өөр өөрийн онцлог, өнгө төрхийг харуулсан цомог тус бртээ гаргана гэж бид гурав ярилцсан. Анхных нь би болж байна. Ойрын жилүүдэдэ манай хамтлагийн хоёр цомгоо гаргана. Энэ хамтлаг тарна гэсэн ойлголт биш. Бид уран бүтээлийнхээ хажуугаар цомгийн ажлаа хийх юм.
-Бие даасан тоглолт хийх төлөвлөгөө бий юу?
-Ганцаараа тоглолт хийх төлөвлөгөө байхгүй. Харин хамтлагийн хорин жилийн ойдоо зориулан шоу хийхээр төлөвлөж байгаа. Тавдугаар сард хийх байх.
-Та дургүйцэхгүй бол хувийн амьдралаа сонирхуулахгүй юу?
-Хувийн амьдрал маань хувийн байгаасай гэж хүсч байна. Одоохондоо нөхөртэй гэдэг статустай байгаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ