Г.Золбоот: МУГЖ цол зөвхөн миний шагнал биш

Жүжигчин Г.Золбоот Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртлээ. Шинэхэн гавьяатын баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-МУГЖ цолоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцахгүй юу?
-Сайхан байна. Тахиа жилийн босгон дээр эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ ганц миний шагнал биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд надтай хамтран ажиллаж, уран бүтээл туурвисан алтан үе, дунд үе, залуу үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн шагнал гэж ойлгож байна. Тийм учраас бүгдэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
-Сар гаруйн өмнө жүжигчин У.Батбаатар МУГЖ цолоор энгэрээ мялаагаад “Гавьяатын буухиаг Г.Золбоот маань үргэлжлүүлээсэй” хэмээж байсан. Өнөөдөр тэрээр хамгийн түрүүнд танд баяр хүргэж харагдлаа?
-Найз маань хамгийн түрүүнд тэврээд үнсэж угтлаа. Сайхан байна. Сар гаруйн өмнө энэ талбайд Батбаатартаа МУГЖ цол хүртсэнд нь баяр хүргээд зогсож байсан. Харин өнөөдөр өөрөө эрхэм шагнал хүртээд зогсож байна. Их л бэлэгшээлтэй сайхан санагдаж байна шүү.
-Ижий, аав нь ирсэн харагдана.
-Ижий аав минь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Миний бага нас ч гэсэн Эрдэнэдалай суманд өнгөрсөн. Тийм болохоор Дундговь аймгийн зон олон, төрсөн нутаг, өлгийдсөн газар Эрдэнэдалай сумынхаа ард түмэнд баярлалаа. Нутгийнхаа сайхан хайрхануудад сөгдөн мөргөж байна.
-Энд цугласан өргөн олон “Нүдээ олсон шагнал” гэдэг үгийг олонтаа хэлж байна?
-Гайхалтай сайхан урмын үгийг олон түмнээсээ сонсож, энэ их аз жаргалын ерөөлтэй баярын үгсийг сонсох хувь тохиож байгаад үнэхээр баярлаж байна. Ажил үйлс нь бүтэмжтэй байг. Сар шинэдээ сайхан шинэлээрэй та бүхэн минь.
-Та Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн гуайн хоёр ч уран бүтээлд гол дүр бүтээсэн. Өнөөдөр Б.Лхагвасүрэн гуай Хөдөлмөрийн баатар, харин та МУГЖ цолыг хамтдаа хүртлээ.
-Их сайхан хувь тохиол шиг санагдаж байна. Би 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд Армийн театрт очиж байсан. Театрт орчоод Төрийн соёрхолт, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахын “Дутуу хээтэй тооно” жүжигт анх тоглож байсан юм. Удалгүй “Бүлээн нурам” кинонд дүр бүтээх хувь тохиож байлаа.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ