
Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун ирэх хоёрдугаар сарын 1-нд тус улсын шоронгуудаас их хэмжээний хоригдол суллахаар болсон байна.
Түүний аав тус улсын их удирдагч Ким Чен Ир болон өвөө Умард Солонгосын анхны ерөнхийлөгч Ким Ир Сен нарын дурсгалыг хүндэтгэн ийнхүү тэрбээр хоёрдугаар сарын 1-нд хоригдлуудад өршөөл үзүүлж суллах болсон тухай тус улсын KСНА мэдээллийн агентлагаас уламжилжээ.
Хүний эрхийн Эмнести олон улсын байгууллагын судалгаагаар Умард Солонгосын шоронгуудад олон зуун мянган хоригдлууд ял эдэлж байгаа бөгөөд тэднээс 200 мянга орчим нь улстөрийн хэргээр шоронд орсон хоригдлууд аж.
Тэднээс чухам хэдийг нь суллах тухай нарийн мэдээлэл одоохондоо алга байгаа хэдий ч ямартай ч улстөрийн хоригдлуудын нэрсийг өршөөлд хамруулсан гэнэ.
Энэ өршөөл үзүүлж буй үйл явдал нь тус улсад анх удаа болж байгаа аж. Өмнө нь хоёр их удирдагчийн үед ямар нэгэн баяр ёслолын үеэр улстөрийн хоригдлуудыг огт сулладаггүй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ