Засгийн газар ХЭҮК-ын үгийг үл тоолоо

Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр морь унуулахгүй байхыг хүссэн байв.
Харин Засгийн газар хоёрдугаар сарын 22-ны ээлжит хуралдаанаараа хурдан морины уралдааны товыг тогтоож, олон нийтэд мэдээлэв. Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 5 буюу ням гаригт “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно. Товчхондоо Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хүний эрхийн үндэсний комиссын үгийг сонссонгүй. Хаврын улирал ирсэн ч хахир хүйтэн уур амьсгал цаашлаагүй үед хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийг гаргав.
Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд гэмтсэн тохиолдол цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн оны II сард болсон төвийн бүсийн хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, 2 хүүхэд ноцтой гэмтсэн байдаг.
Жилд 70-100 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагддаг байна. Энэ уралдаанд 30 мянган хүүхэд морь унадаг аж. Харин тэд бүгд бүрэн бүтэн, эрүүл саруул бариалдаггүй. Гурван жилийн хугацаанд 800 гаруй хүүхэд хурдан морины уралдааны үеэр бэртэж гэмтэн, зарим нь амь насаа алдсан баримт бий.
Хүний эрхийн үндэсний комисс ч үе үеийн Засгийн газарт зөвлөмж хүргүүлж, хүүхдийн амиар наадахгүй байхыг хүсдэг. Хэвлэлийнхэн ч энэ сэдвийг хангалттай хөнддөг. Гэвч засаг төр огтхон ч тоодоггүй, шийдвэрээ гаргадаг. Морины уралдаан болдгоороо болж, хүүхэд хохироод үлддэг.
Төрийн шийдвэр гаргах түвшинд морь уралдуулж, нэр алдар ологчид, таашаал авагчид цөөнгүй. УИХ-ын даргаасаа эхлээд төрийн сайд хүртлээ хурдан морины уралдаанд шимтэгчид байхад Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж нөлөөлөхгүй нь ойлгомжтой биз. Тэд шийдвэрээ гаргаж, өөрсдийн зугаа цэнгэлээ зохион байгуулна. Харин хэдэн хүүхдийн эрүүл мэнд, амь насаар наадахыг таах боломжгүй.
№ | Нэр | Он сар | Болох газар |
1 | “Дүнжингарав” төвийн бүс | 3 дугаар сарын 5 | Төв аймгийн Аргалант сум |
2 | "Хаврын бүс" | 2017 оны 3 дугаар сарын 12 | Хөвсгөл, Говь-Алтай аймагт |
3 | "Зүүн бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Сүхбаатар аймагт |
4 | "Төвийн бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Улаанбаатар хот, Хүй долоон худагт |
5 | "Хойд бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Сэлэнгэ аймагт |
6 | "Говийн бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Дундговь аймагт |
7 | " Хангайн бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Өвөрхангай аймагт |
8 | "Баруун бүс" | 2017 оны 7 дугаар сарын 28-30 | Увс аймагт |
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ