Ирээ ч, яваа ч...

Сар шинээр MN25 суваг дээр манай Ерөнхийлөгч үг хэлж байна. Уламжлалт “Урилга” нэвтрүүлэг гарч байж. Би ч бараг сүүл хэсэгт нь сувгаа сольж таарлаа. Төрийн өндөр сэнтий их хурлын микрофон, хэвлэл сайтын нүүр дамнуулан бие биенээ шүршдэг манай улстөрчид жилдээ нэг сайдаж, цагаахан зангаар уулзаж харагддаг их сайхан нэвтрүүлэг л дээ. Уригдсан зочдыг харвал гар бариулж, сэтгэлийг нь цайртал уулзуулах ёстой баймаар тийм ч олон хүн харагдсангүй. Энэ ч яахав цагийн хайч гэдэг шиг улстөрчдийн зав зай, зохион байгуулалт гээд л хөшигний ардах нэвтрүүлгийн нарийн ширийнтэй холбоотой байх. Харин онцлоход манай Ерөнхийлөгч нэвтрүүлгийг өндөрлүүлж хэлсэн үгэнд дотор дэлхийгээр тарсан монголчуудаа эх орондоо ирээрэй гэсэн урилга талбиж байв.
Харин энэхүү нэвтрүүлгийг үзэхийн өмнөхөн миний бие Солонгост гарах хүсэлтэй 8000 монгол залуусыг шалгалт шүүлгэд бүртгэх тухай төрийн нэгэн агентлагийн мэдээг уншиж суусан юм. Нэг нь ирээрэй гэх нөгөө хэсэг нь эрүүл мэнд, хэл усаараа тэнцвэл яваарай л гэх. Энэхүү хоёр тэс өөр дүр зураг бол манай төрийн нэг барилгүй, бодлогогүй авир.
Сар шинийн баяраар овоон дээр гарахдаа Солонгос хэлний шалгалтад тэнцүүлж өгөөрэй гэх хүслийг шивэнэсэн залуус 8000 байтугай 80 мянга хүрч мэднэ. Учир нь тэдэнд эх орондоо бэл бэнчинтэй амьдрах боломж үнэндээ алга. Бараг 100 хувь дипломтой боловсон хүчнээр чанараа дээшлүүлээд байгаа манай ажилгүйчүүдийн армийг залуус л бүрдүүлж байгаа. Мөнгөтэй байх эсэх өнөө маргаашийн хэрэг. Харин залуус ирээдүйдээ итгэл алдрах, цаашлаад “эндээс явмаар байна” хэмээн тэмүүлэх нь эх орон эзэнгүйдэхийн харанга.
Ид сайхан залуус хорвоогийн жамаар хайрлаж дурлаж, халуун сэтгэлээр өрх үүсгээд ард нь яаж амьдрах вэ гэдэг том асуулттай тулгарна. Хөлсөө шавхаж хүслээ гүйцээн амьдрах нь хувь хүний зүтгэл санаачилгын асуудал байх ч үүнийг нь хөхиүлэн дэмжих нь төрийн үүрэг. Төмөр замын талаар баримтлах бодлогын талаар 100 хувийн ирцтэй хуралддаг түшээд залуусынхаа талаар баримтлах бодлогоо барьж авч хэлэлцсэн 80 хувийн ирцтэй чуулганы харсангүй удлаа. Намрын чуулганаар залуучуудын талаарх бие даасан хуулийн төсөл хэлэлцсэн нь энд хэлэх ганц нааштай дурсамж юм.
Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар манай улсын нийт хүн амын 42.9 хувийг 16-40 насны залуучууд эзэлдэг байна. Залуучуудын хууль баталснаар Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж үзсэн. Гэхдээ энэ хуулийн заалт зохицуулалтыг амьдралд хэрхэн буулгах нь тодорхой бус, хуулийн нарийн зохицуулалтын талаар нэмэлт тайлбар задаргаатай мэдээлэл нийгэмд өгөөгүй л байна.
Манай залуу 10 гэр бүл тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг гэсэн судалгаа байх ба энэ хууль батлагдсанаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг л тодотгоод байгаа. Эндээс дахиад л популизмийн үнэр сэнхийнэ. Хөнгөлөлттэй үнээр авсан байрныхаа түрээсийг баталгаатай төлөөд байх тэр ажлын байр хаана байна вэ гэсэн асуулт томоос том хэвээр байгааг залуус хэлдэг. Нэр бүхий хэдхэн уурхайд өрөм тавьж ажиллах хөрслөг хэдэн залуусыг эс тооцвол авсан цалиндаа сэтгэл өндөр, ажилдаа дуртай бүлэг давхарга тун цөөн. Тэдний санааны үзүүрт бодитой харагдах ганц боломж бол харийг зорьж боолийн ч хамаагүй ажил хийх...
Солонгост хямд ажиллах хүчин болж гарах 1500 залуусын гаргах квотон дээр 8000 залуусыг бүртгэн бужигнуулах хаврын нэгэн уламжлалт дугаарлалт эхэлж байна. Эдгээр залуус бүгд тэнцлээ ч явдаг нь тун ховор. Хэдэн төгрөгөө бариад бүртгүүлэхдээ хэн болох, юу чаддагаа илэрхийлсэн бэлэн мэдээллийн санг манай төрийн яам, холбогдох агентлаг цааш хэрхэн ашигладаг юм болдоо. Солонгосын талд сонгогдож чадаагүй үлдсэнийг нь зөнд нь хаячихдаг харагддаг. Цалин шиг цалин өгвөл юу ч хийсэн яахав гэж гар нь загатнах залуусын халуун зоригийг хөгжөөгөөд, эх оронд нь бүтээн байгуулалт болгон хувиргах нэгдсэн бодлогыг “угсраа мэх” гэдэг шиг нарийн тооцож хэрэгжүүлэх нь төрийн агентлагийн нэг том зорилт байх ёстой доо.
Харин нөгөө талд өөр дүр зураг залуусын сэтгэлийг харийн зүг даллана. Харсаар байтал гэр бүл садан төрлөө өөд нь татаж, харийн оронд өнгө ороод яваа хэн нэгний жишээг захын залуу хэлж чадна. Харин түүний цаана хүний газар байх эх орон гэр бүлээ санах, хань үр хүүхдээ бэтгэрүүлэхийн нарийн учиг зовлонг тэд олж харахгүй. Өнөө хэд нь бардам монгол зангаар үүнийгээ барагтай хүнд хэлэхгүй. Харийн нутаг давчдахын цагт 100 татах үедээ харсан зүгтээ гүймээр байна гэж хөнгөхөн санаашраад, бэтэг зовлонгоо дотроо дарж сэтгэлээ сэмэлж явдаг нь харагддаг. Ойр нэгэндээ утас цохиж “Сайхан байна найз минь” гараад ир гэж хань татдаг. Үүний цаана төрийн том фонн дээр “ирээ ч... “ гэж даллангаа “яваа ч” гэж уриалах, манай төрийн салаа бодлого залуучуудын хөгжлийн тухай концептойгоо хэр уялдаж байдаг юм бол доо.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ