Трамп: Обама намайг тагнасан

Ерөнхийлөгч Трамп сонгуулийн үеэр өөрийг нь тагнадаг байсан хэмээн мэдээллээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор тангарагаа өргөөд хоёр сарын хугацаа өнгөрч байгаа ч тэрбээр өнөөг хүртэл хэвлэлийн баатар болсоор байна.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Цагаачлалын бодлого”-ыг улам чангаруулахаа олон нийтэд хандан мэдэгдсэн юм. Ойрын саруудад багтаан хууль бус цагаачдыг нутаг буцаахаа тэрбээр амлажээ. АНУ-д хууль бусаар амьдарч буй цагаачдын тоо 11 саяд хүрчээ.
“Хууль бус цагаачдаас Америк салсанаар бид Үндэсний аюулгүй байдлаа улам хүчирхэгжүүлэх боломжтой. Бид ирээдүйдээ илүү итгэл дүүрэн, айх аюулгүй амьдрах болно. Америк хууль бус цагаачдыг орогнуулдаг газар биш” хэмээн Трамп мэдэгджээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Трампийн энэ амралтын өдөр хийсэн мэдэгдэл олны гайхшралыг дахин төрүүллээ. Учир нь АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр экс Ерөнхийлөгч Барак Обама Трампийг мөрдөж, тагнасан гэв. Обама бүрэн эрхийнхээ үеэр намын нөхөр Хилари Клинтоныг ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд Трампийг тагнах тушаалыг албаныханд өгчээ.
Энэ талаар Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Трамп “Сонгуулийн кампанит ажлын үеэр Обама намайг тагнаж, утасны яриаг минь сонссон болохыг гэрчлэх баримтуудыг би оллоо” хэмээн жиргэжээ. Обамагийн заавраар хэсэг этгээд Нью Йорк хотноо байрлах “Трамп цамхаг”-т тагнах төхөөрөмжийг байршуулсан гэнэ. “Би сонгуульд ялж, Ерөнхийлөгч болохын өмнөхөн Трамп цамхагт чагнах төхөөрөмж байршуулсан болохыг мэдсэн. Энэ бүх ажиллагааг Обама удирдан явуулсан” гэж мэдэгджээ.
“Трампийг мөрдөх зааварчлагааг Обама өгсөн” гэх асуудлаар экс Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсны тайлбар хийв. Хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Барак Обама хэн нэгнийг тагнах, мөрдөх үүрэг даалгаврыг хэн нэгэнд өгч байгаагүй болно. Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй. Энэ бол гүтгэлэг, худлаа мэдэгдэл” гэж хэлжээ.
Трамп мөн Обамагийн засаг захиргааны үед Вашингтон хотноо суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “Обама ОХУ-ын Элчин сайдыг Цагаан ордонд 22 удаа хүлээн авсан. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Элчин сайд дөрвөн удаа Цагаан ордонд зочилж, Обаматай ганцаарчилж уулзсан” хэмээн твиттертээ жиргэсэн байна. Сонгуулийн дараахан Трампийг ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй ялалт байгуулж, Цагаан ордны тэргүүн болсон хэмээн буруутгах болсон юм. Уг асуудлаар Холбооны мөрдөх товчоо шалгалт явуулсан ч “Москва үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дүнд нөлөөлсөн” гэх баримтыг олж чадаагүй билээ.
Трамп сөрөг хүчин Ардчилсан намын нөлөө бүхий эрхмүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон албаны хүмүүстэй уулзаж буй гэрэл зургуудыг твиттер хуудастаа байршуулаад “Энэ сэжигтэй байна. ОХУ болон Ардчилсан намын хооронд ямар далд харилцаа байна. Энэ харилцаа ямар шатандаа явж байна. Энэ талаар л мэдмээр байна. Холбооны мөрдөх товчоо энэ талаар мөрдөх хэрэгтэй” гэж жиргэжээ.
“Обама улс төрд эргэн ирнэ” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болсон юм. Гэхдээ уг асуудлаар Обама албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч саяхан Ардчилсан намын хэсэг гишүүдтэй уулзсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ