Ри Жон Чол: Би Малайзын эрх баригчдын хуйвалдааны золиос боллоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн сарын 13-нд Куала Лампурын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан юм. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг баривчилсан билээ.
Тэгвэл Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан баривчилсан Хойд Солонгосын иргэн Ри Жон Чол гэгчийг өнгөрсөн долоо хоногт суллажээ. Түүнийг уг хэрэгтэй холбоотой гэх баримт нотолгоо олдоогүй учир сулласан аж. Ри Жон Чолийг суллагдсаныхаа дараа Малайзаас Бээжин хотноо ирж хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Таныг Ким Чен Намыг хордуулсан хэмээн сэжиглэн цагдаагийнхан баривчилсан. Энэ талаар?
-Цагдаагийнхан ямар ч шалтгаангүйгээр намайг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн. Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ зуу, мянган удаа хэлсэн ч тэд итгээгүй. Би дэндүү гомдолтой байна.
-Баримт нотолгоо хангалтгүй гэх үндэслэлээр таныг сулласан. Цагдаа нар таныг сулласан шалтгаанаа хэрхэн тайлбарлав?
-Тэд надаас уучлалт гуйгаагүй. Би ямар ч буруугүй. Тэд намайг хэдэн мянган удаа байцаасан ч би буруугүй учир хэрэгтэн болох үндэслэл байхгүй. Намайг хүн амины хэрэгт гүтгэж, алуурчин болгохыг завдсан. Би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй.
-Байцаалтын тухай?
-Тэд ямар ч шалтгаангүйгээр надад хэрэг тулгахыг санаархсан. Тэд миний амнаас “Тийм ээ” гэх үгийг сонсохыг тулд залхаан цээрлүүлсэн. Би аялалын визтэй. Энэ бүх дуулианы дараа миний нэр хүнд газарт уналаа. Би зөвхөн эрх мэдэлтнүүдийн хуйвалдааны золиос боллоо.
-Таныг Цагаачлалын хууль зөрчсөн хэмээн буруутгасан?
-Би энэ улсад зөвхөн аялах гэж ирсэн. Гэтэл гэм буруугүй надаас байцаалт авч, эцэст нь энэ улсаас албадан гаргалаа. Ямар ч утга алга.
-Таныг худал мэдүүлэг өгөхийг тулган шаардсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ энэ үнэн.
-Яагаад таныг буруутан болгохыг ингэтлээ хичээв?
-Малайзын эрх баригчид эх орны минь нэр хүндийг олон улсын тавцанд унагаах гэж хичээж байна. Энэ бол хуйвалдаан, санаатай хуйвалдаан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ