Сэтгэлийн хөг алдуулах ”Playing Love”

img

 

Энэ жил Монгол Улсын Морин хуурын чуулгын 25 жилийн ой  тохиож буй. Ойн жилээ олон тоглолт хийж буйн нэг болох уламжлал болсон  "Playing Love" тоглолтоо өмнөхөөс онцлог байлгахаар хичээн бэлтгэл сургуулилтаа хийж байх үед нь ярилцлаа. Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж гайхалтай бэлэг барьж байв.

 

"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.

 

 

Морин хуурын чуулгын удирдаач МУСТА Д.Түвшинсайхан: Бид энэ удаагийн тоглолтонд өөрсдийн өнөөгийн ур чадварыг сорьсон тийм томоохон бүтээлүүдийг найруулж тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Киноны хөгжим гэж ямар том байр суурь эзэлдэг, ямар нарийн юм ,дүрслэлийг хөгжмөөр хэрхэн илэрхийлдэг юм  гэдгийг хүмүүсд анзааруулах зорилготой.

 

Манай чуулга найрал хөгжмийн хэмжээнд ямар түвшинд байгааг энэ тоглолтоос харж болох байх. Өрнө, дорны хөгжмийг сонгох боломжтой бүрэлдэхүүнийг манай Ц.Батчулуун багш, Н.Жанцанноров багш нар айхтар сонгож оруулсан байдаг. Олон хөгжмийн зэмсэг нэгдэн нийлж үндэснийхээ хөгжмөөс гадна дэлхий нийтээр тоглогддог бүтээлийг тоглох боломжтой бүрэлдэхүүнийг сонгосон. Бид оюутнууд сайн анзаралгүй л ирж байж. Одоо нарийн анзаардаг сонсогч, үзэгчид их болсон байна лээ.

 

Үзэгч хөгжим сонсож, таашаал авах гэж ирдэг. Бид дэлхийн олон гайхалтай тайзан дээр тоглож байсан. Дуугаралт, тайз, гэрэл зэрэг киноны хөгжим сонсоход тохиромжтой, тухтай байх болов уу. Ирсэн хүмүүс харамсахгүй байх. Залуус маань орчин цагийн , адармаатай хөгжмийн хэллэгтэй ,шинэ киноны хөгжмийн  бүтээлүүдийг сонгосон байсан. Бас “Никитон” хамтлагийн ахлагч Батчулуун тоглоно. Удирдаач  Ч.Чинбат багш , манай Н.Жигжиддорж нар бас удирдана. Хүн хүний удирдах өөр.

 

Цаашдаа Япон, ОХУ, Итали зэрэг орноос удирдаачид ирж хамтран тоглох санал ирдэг.

 

Ятга хөгжимчин А.Жамбалсүрэн:

 

 

Морин хуурын чуулга маань одоо таван ятгачинтай. Анх гурван ятгачинтай байгуулагдаж байсны нэг нь бидний багш Цолмон багш байсан. Бид өнгөрсөн жил ятгын квинтет маань” Хязааргүй” тоглолт хийсэн. Тэр тоглолтондоо “Мандухай сэцэн хатан” зэрэг сайхан киноны хөгжүүдээс тоглосон. Киноны хөгжмүүд маш гоё сонсголонтой байдаг. Энэ удаагийн "Playing Love" тоглолтонд тоглогдох бүтээлүүдийн 80 хувь нь шинээр найруулж тоглож байгаа.Өргөн цар хүрээтэй тоглолт болно.

 

Морин хийлч Л.Болормаа:

 

 

Анх Морин хуурын чуулга байгуулагдахад Батчулуун багшийн санаачилгаар морин хийл хөгжмийг монгол маягтай болгож дунд хуур гэсэн хөгжмийг хийлгэж байсан. Одоо улам хөгжиж гурав дахь үеийн дунд хуураар тоглож байна.

 

Энэ жилийн "Playing Love" тоглолтоо бид онцлог хийхээр зүтгэж байна. Манай залуучууд авлаг бүх аянуудаа өөрсдөө хөрвүүлэн,найруулж бичиж байна.

 

Манай бүрэлдэхүүнд морин хуур, ятга, ёочин, эвэр бүрээ зэрэг үндэсний хөгжмийн зэмсэгээс гадна сонгодог хөгмөөс төгөлдөр хуур , флейт, цохивор хөгжмүүд, их хуурчид маань конрбас тоглодог давхар мэрэгжлтэй байдаг. Энэ удаагийн тоглолт дээр нэмэлтээр морин хийл хоёр, гуулин үлээвэр хөгжим найм, цохивор хөгжим хоёроор нэмэгдүүлж өргөжүүлж байна.

 

Нэг хөгжимчин, нэг нот дутахад бүтэн дуугардаггүй. Бид киноны хөгжмийг бүтэн үзэгчиддээ сонсгохоор хичээн ажиллаж байна. 3 дугаар сарын 7, 8 нд ирж сонирхоорой.

 

Морин хуурч Р.Амарбаяр :

 

 

1992 онд манай чуулга байгуулагдахад оюутан байхдаа орсоноо их аз, хувь заяа гэж боддог. Тэр үедээ ийм том чуулга болно гэж төсөөлж байгаагүй.Цагтаа очих ёстой, тоглох ёстой л гэж боддог байж.

 

Манай гайхамшигт өвүүд дотроос морин хуур хөгжим бол онцгойлон ач үзэх ёстой зүйл. Судлаачид нумт хөгжмүүдийн эцэг нь гэж үздэг тал бий. Нум, чавхдас хоёуланг нь адууны сүүлээр хийдэг. Ардын дуу, уртын дуу, бие биелгээг тоглоход зохимжтойгоос гадна өргөн цар хүрээтэй дуугарна. Дэлхийн хөгжмийн сор бүтээлүүдийг тоглох боломжийг эрэлхийлж байдаг. Манай уран бүтээлийн төлөвлөгөө байдаг. Жишээлбэл, цагаан сарын өмнө ардын дууны “Торгоны хээ” тоглолт гэх мэт. Энэ удаагийн Playing love тоглолт нэмэлт бүрэлдэхүүнийг оруулсан учраас илүү бид өрнө дуугарч, Евоп, Латин Америкийн хөгжүүдийг тоглоно.

 

Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Н.Хоролсүрэн:

 

 

Флейт бол монгол үндэсний лимбэтэй нэлээд төстэй сонгодог хөгжим..Хөгжим бүжгийн сургуульд биднийг шалгаж авахад хуруу урт, шүд эрүүл гэх мэт шаардалага тавьж авдаг. Гэхдээ гол нь тэр хөгжимдөө дуртай байх .Хөгжимчин болоод тайзан дээр тоглох бол шалгуур өндөр.

 

Хөгжмийн сургуульд сурсан, хөгжимчин болчихлоо, одоо юу давтаад байдаг юм бэ гэж хүмүүс асуудаг. Тайзан дээр 3 минут тоглохын тулд маш их сургуулилт хийдэг. Одоо Playing Love тоглолтынхоо бэлтгэлийг маш хичээж чамбай хийж байна.

 

Морин хуурын чуулгын продюсер, морин хуурч Д.Оргил:

 

 

Энэ жил манай чуулгын 25 жилийн ой болж байгаа. Ойн жилээ олон том тоглолт  төлөвлөсний нэг нь бөгөөд анхных нь Playing Love тоглолтоо өргөтгөсөн бүрэлдэхүүнээр тоглох гэж байна. Энэ тоглолтыг манай морин хуурч Даваазориг ах маань таван жилийн өмнө анх санаачилж байсан.

 

Энэ жил Монголын сор болсон киноны хөгжмүүдээс үзэгч, сонсогчдын дуртай Н.Жанцанноровын “ Мандухай сэцэн хатан”, Б.Шаравын “ Үхэж үл болно” З. Хангалын хөгжим” Би нисэх дуртай” гэх мэт хөгжмүүд мэдээж орно.Бид хөгжмийн найруулгаа хийхдээ киноны дүрслэлийг яаж дуугаргавал илүү хүрэх вэ гэдгийг бодож өөрсдөө хийж чаддаг маань давуу тал юм.

 

Бас сүүлийн үеийн киноны дуу” Чи минийх” дуугаа Никитон хамтлагийн ахлагч  Б.Батчулуун дуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ