Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын сураг

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулан өрсөлдүүлэхэд хоёрхон сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН гэсэн гурван хүчнээс нэр дэвшигчээ тодруулан өрсөлдүүлэх эрх үүсээд байгаа. Магадгүй, улс төрийн нөхцөл байдал дөрөв дэх нэр дэвшигчийг ч гаргаж ирэхийг үгүйсгэх аргагүй. Учир нь бие даагч гишүүн С.Жавхлангийн үйлдэл олны анхааралд хэвээр байгаа билээ.
М.Энхболд ба бусад
Эрх баригч хүчин МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч уг нь тодорхой. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нам дотроо өрсөлдөгчгүйгээр нэр дэвших мандатаа гардан авна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа түүний сценариар явагдах юм. Гэхдээ түүний өрсөлдөгч нь Ц.Нямдорж нар байна гэсэн бор шувууг фракцуудаас нисгэж байна лээ. Гэхдээ энэ нь хүч аваад байхгүй л болов уу. Учир нь МАН дарга төвтэй, дээрээс ирсэн шийдвэрээс зөрж, бодлогын хайрцгийг эвдээд байдаггүй. Тэр дундаа намын төдийгүй төр, засгийн эрх өнөөдөр М.Энхболдын мэдэлд байгаа. М.Энхболдыг МАН байтугай өрсөлдөгч хүчний төлөөлөл болох эрхэм ч дэмжиж байгаа гэж мессэж явж байгаа. Энэ нь олны нүдэнд үгээр биш ч үйлдлээрээр харагдаж л байгаа.
АН-ын горилогчид олуулаа
Харин сөрөг хүчин АН-ын шинэ дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Түүнд их хурлаас нь ирэх дөрвөн жил буюу 2020 он хүртэл АН-ыг удирдах эрх олгосон. Харин дараагийн сонгуулиар намаа парламентад хэр төлөөлөлтэй болгосон эсэхээс АН-ын шинэ даргын хувь заяа шийдэгдэнэ. Тиймээс шинэ дарга намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах үүрэгтэй. Мэдээж, хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээ нэрлэхгүй гэдгээ тамгаа гардаж авсны дараахан мэдэгдсэн. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхмүүдийг бүртгэж, нийт гишүүдийн дунд санал хураалт явуулна. Хамгийн олон санал авсан хоёр эрхмийг Их хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх журмаар нэр дэвшигчийг тодруулах гэнэ.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль нэрээ дэвшүүлэхээр горилогчид цөөнгүй байна. Оны өмнөөс нь тус намын экс дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Харин Сар шинэтэй зэрэгцээд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мөн нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байна. Үгээрээ биш үйлдлээрээ УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нэр дэвшихээ “мэдэгдэж” олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан. Цаашлаад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх сунгаанд орох магадлалтай юм. . Энэчлэн хэд хэдэн нэр дэвшигчид тодорч, намын сунгаанд өрсөлдөх бололтой.
Нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа хоёр эрхмийг олон нийтийн байтугай нам дотроо дэмжлэг авах найдлага тун бага гэж ажиглагчид үзэж байна. Учир нь өмнөх парламентын үед нэг нь Засгийг, нөгөө нь нийслэлийг удирдаж байсан. Хийсэн ажил, хэлэх үгтэй ч хөрөнгө мөнгийг хууль бусаар зарцуулах гэх асуудалд ороогдож, нэг нь үе үе АТГ-т дуудагдаж байгааг түмнээрээ мэднэ. Г.Батхүүгийн хувьд АН-ын Үндэсний бодлогын зөвлөлд дэмжигч фракц, төлөөллөө хэр багтаахаас асуудал хамаарч болох ч, басхүү ард түмний саналыг авна гэдэг амаргүй даваа гэдгийг бодолцох хэрэгтэй биз. Харин УИХ-ын экс гишүүн Р.Амаржаргалын хувьд АН-ын лидерүүд дотроо нэр цэвэр ч дэмжигдэх фракцгүй гэж гоочлогддог.
Н.Энхбаярын эрх бусдын шийдвэрээр хязгаарлагдах уу
Парламент дахь гурав дахь хүчнийг МАХН-ыг өнөөдөр О.Баасанхүү гишүүн цор ганцаараа төлөөлж байна. Тэрбээр энэ удаагийн парламентад сонгогдсоноор Н.Энхбаяр даргыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг нээсэн. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөнө гэсэн үг биш. Намаасаа нэр дэвших эрх нь ч, мэдэл нь ч Н.Энхбаяр байгаа хэдий ч улс төрийн нөхцөл шийдэл өөрөөс нь хамаарахгүй. Хууль, шүүхийн байгууллагын ямар нэг тогоол шийдвэр түүний нэр дэвших эрхийг хязгаарлах магадлалтай юм.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам УИХ дахь бие даагч гишүүн С.Жавхлан мөн улс төрчдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Эдүгээ улс төрийн аль нэг нам хадаг барьж, гишүүнээр элсэх, даргын албан тушаал амлах зэргээр урилга заллагад тэрбээр хэдийнэ дарагдсан гэж барьчихад ч алдахгүй. Хэрвээ улс төрийн тохироо бүрдвэл бие даагч С.Жавхлан намын төлөөлөл болоод хаврын чуулганаа угтах магадлалтай.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон таамаглал үргэлжилсээр ирэх тавдугаар сартай золгох биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ