Гадаад дахь монголчуудын хүсэлтээр цахимаар засал хийнэ

Монгол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хилийн чанадад оршин суугаа Монголчуудын хүсэлтээр цахим хэлбэрээр засал, номоо хийлгэх боломжийг сүсэгтэн олонд олгож байгаа юм байна.
Энэ талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандан тэгчэнлин хийдийн Олон Нийттэй харилцах албаны дарга Н.Одгарьдаас тодрууллаа.
Тэрбээр “Сүүлийн 4-5 жилийн хугацаанд манай хийдэд гадаад суугаа Монголчууд шинийн 15 хийгээд хүнд хэцүү зүйл тохиолдсон цаг үедээ сэтгэл санаагаа тайван байлгах, амар тайван амьдрахыг хүсч цахим хэлбэрээр засал, номоо хийлгэх, хурал номыг даган баясах хүсэлтээ илэрхийлсээр байсан. Уг хүмүүсийн хүсэлтийг үндэслэн вэбсайтаар засал ном хурах ажлыг эхлүүлээд байна.
Бурханы номонд сэтгэл болоод сүжиг байвал цаг хугацаа, орон зайны хязгаар үгүй гэсэн байдаг. Тиймээс АНУ-д аж төрж байгаа хүн ч өглөө МБШТөв Гандантэгчэнлин хийдэд хурж буй Очир-Дарьд мандал өргөөд суух нь энд сүслэн залбирсантай ижил буяныг хураана. Энэ нь маш их сэтгэлийн хүч юм. Тиймээс энэ зан үйлийг үйлдэх нь номонд харшлахгүй учир нийт сүсэгтэн олонд хүртээлтэй байх үүднээс цахим хэлбэрээр засал, ном айлдах ажлыг эхлүүллээ.
Манай хийдийн вэбсайтад хандаад цахимаар айлтгал номоо уншуулах боломж бүгдэд нээлттэй. Гэвч Монголдоо байгаа хүмүүсийг оочер дараалалтай ч мөргөлөө хийдэг уламжлалаа битгий алдаасай. Зорьж ирээд номоо айлтгуулаасай гэж хүсч байна” хэмээв.
Цахим хэлбэрээр ном айлтгалаа сонсож, заслаа хийлгэхийг хүсвэл www.gandan.mn сайтад хандах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ